
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард Туркт болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас буцахдаа Иранаас ирсэн заналхийллийн улмаас онгоцоо сольж, нууц ажиллагааны хүрээнд өөр цэргийн онгоцоор нисжээ. Трамп долдугаар сарын 8-нд Туркийн нийслэл Анкара хотод болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Катараас бэлэглэсэн шинэ Air Force One шинэ загварыг "Boeing 747-8" онгоцоор очсон юм. Гэвч буцах үедээ уг онгоцоор нисэлгүй, хуучин "Air Force One" онгоцыг ашигласан нь тухайн үед олны анхаарлыг татаж байв.

АНУ-ын албаныхны мэдээлснээр, тухайн үед Трампын онгоцыг Ираны талтай холбоотой бүлэглэл пуужингаар харвах төлөвлөгөөтэй байж болзошгүй гэсэн тодорхой мэдээлэл авсан байна. Тиймээс АНУ-ын Нууц алба түүний аюулгүй байдлыг хангах үүднээс онгоц солихыг зөвлөжээ.
Үүний зэрэгцээ шинэ "Air Force One" онгоцны хамгаалалтын системийн хүчин чадалтай холбоотой асуулт гарч ирсэн байна. Уг загварын хуучин онгоцнууд нь пуужингийн довтолгооноос хамгаалах зориулалттай лазер болон бусад төөрөгдүүлэх системүүдтэй бол Катараас хүлээн авсан шинэ загварын "Boeing 747-8" онгоцонд эдгээр хамгаалалтын систем бүрэн суурилагдаагүй байжээ.

Гэхдээ энэ явдлын талаар АНУ-ын тагнуулын байгууллагуудын дунд санал зөрөлдөөн байсан бололтой. Наймдугаар сарын 13-нд гарсан мэдээллүүдэд Израилын талаас АНУ-д дамжуулсан Ираны заналхийллийн талаарх мэдээллийг Тагнуулын төв газар (CIA)-ын зарим шинжээчид “итгэл багатай” гэж үнэлж байсан талаар дурдсан байна. Өөрөөр хэлбэл, Иран Трампын эсрэг бодит халдлага хийхээр бэлтгэж байсан гэдэгт бүх тагнуулын байгууллага ижил түвшинд итгээгүй.
Гэсэн хэдий ч Нууц алба эрсдэл гаргахгүй байх шийдвэр гаргаж, Трампыг илүү хамгаалалт сайтай хуучин онгоцоор Туркээс гаргасан байна. Цаашлаад Трампыг сэтгүүлчид болон зарим албаныхан мэдэлгүйгээр өөр онгоцонд шилжүүлсэн гэх мэдээлэл гарсан.

Түүнийг нисэх онгоцны буудлын хоол хүргэлтийн машинаар далдлан "C-32A" цэргийн онгоц руу хүргэсэн гэж мэдээлжээ. Харин сэтгүүлчид болон бусад ажилтнууд Трампыг хуучин "Air Force One" онгоцонд байгаа гэж бодсоор ниссэн байна. Өөрөөр хэлбэл түүний ямар онгоцоор ниссэн нь одоо болтол нууц.
Л.Баяр
























































