
“Тод гялалз” ХХК болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хүүхэд, өсвөр үеийнхний дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “TG STADIUM CUP” хөлбөмбөгийн тэмцээнийг Төв цэнгэлдэх хүрээлэнд тогтмол явуулахаар боллоо.
Уг санамж бичгийн хүрээнд 8–13 насны өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээнийг жил бүр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ жилийн тэмцээн аравдугаар сарын 7-оос 10-ны өдрүүдэд болох юм.
“Тод гялалз” компани нь өмнө нь дүүргүүдийн хөлбөмбөгийн талбайд уг тэмцээнийг зохион байгуулж байсан туршлагатай. Харин энэ жилээс эхлэн цар хүрээгээ өргөжүүлж, хүүхэд, өсвөр насныхны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөлбөмбөгийн спортыг Монгол Улсад хөгжүүлэх зорилгоор “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагуудад хүсэлт тавьсны дагуу ийнхүү хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна.

Санамж бичигт “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лхагвадулам, “Тод гялалз” ХХК-ийн захирал Б.Энхтөгөлдөр нар гарын үсэг зурлаа.
























































