
-Хөтөлбөрийн зорилго нь зөвхөн зах зээлийг тэлэх бус, идэвхтэй хөдөлгөөнтэй, ил тод, итгэл төрүүлдэг, хөрөнгө оруулалт татах чадвартай “илүү амьд” зах зээл болгоход чиглэж байна-
Монголын хөрөнгийн бирж энэ сард “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлснээ олон нийтэд танилцуулсан. Тус хөтөлбөр нь зах зээл үүсгэгчийн тогтолцоо, шорт арилжаа, үнэт цаас зээлэх-зээлдүүлэх орчин, шинэ бүтээгдэхүүн, өгөгдөл, тайлагналын ил тод байдлыг үе шаттай сайжруулах зорилготой.
Энэ талаар биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.
-Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон үндсэн шалтгаан юу вэ?
-Хөрөнгийн зах зээл хөгжихөд зөвхөн зах зээлийн үнэлгээ өсөх нь хангалтгүй. Жинхэнэ хөгжил гэдэг нь тухайн зах зээл дээрх үнэт цаасууд бодитоор арилжаалагддаг, үнэ нь ил тод тогтдог, хөрөнгө оруулагч хүссэн үедээ орох, гарах боломжтой байхыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, хөрвөх чадвар бол хөрөнгийн зах зээлийн чанарын хамгийн чухал хэмжүүрүүдийн нэг юм.
Манай зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлаас өсөлт ажиглагдаж байгаа ч, хоёрдогч зах зээлийн идэвх, бүтээгдэхүүний эргэлт, хөрөнгө оруулагчдын оролцооны чанарын тухайд авч үзвэл шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Иймээс энэ хөтөлбөр нь зөвхөн зах зээлийг тэлэх биш, илүү идэвхтэй, илүү ил тод, хөрөнгө оруулалт татах чадвартай болгоход чиглэж байгаа.
Хөрвөх чадвар бол хөрөнгийн зах зээлийн чанарын хамгийн чухал хэмжүүрүүдийн нэг юм.
-Хөтөлбөрийн хүрээнд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
-Хэд хэдэн чиглэлд ажиллана.
Нэгдүгээрт, зах зээл үүсгэгчийн тогтолцоог шинэчилж, бодитоор ажиллах боломжтой болгоно. Энэ нь захиалгын санг тогтвортой байлгаж, үнэ тогтоолтыг сайжруулах суурь механизм юм.
Хоёрдугаарт, шорт арилжаа болон үнэт цаас зээлэх-зээлдүүлэх орчныг бүрдүүлнэ. Үүгээрээ зах зээлийн идэвх, эрсдэлийн удирдлага, арилжааны хоёр талын идэвхийг дэмжихэд зорино.
Гуравдугаарт, арилжааны өртгийг бууруулах чиглэлд бодлогын өөрчлөлтүүд хийнэ. Зах зээлд оролцох өртөг өндөр байвал арилжааны идэвх буурдаг учраас энэ чиглэл хөрвөх чадварт шууд нөлөөлнө.
Дөрөвдүгээрт, шинэ бүтээгдэхүүн, шинэ индекс, шинэ үйлчилгээний суурийг тавьж, бэхжүүлнэ. Үүнд ETF, индексэд суурилсан бүтээгдэхүүн, цаашлаад хөрөнгө оруулагчдад илүү өргөн сонголт өгөх арга замууд багтана.
Тавдугаарт, өгөгдөл, тайлагнал, мэдээллийн ил тод байдлыг системийн түвшинд сайжруулна. Энэ хүрээнд open.mse.mn зэрэг платформын үүрэг чухал юм.
Энэ хөтөлбөрийг зөвхөн мэргэжлийн оролцогчдод зориулсан техникийн шинэчлэл гэж харах хэрэггүй.
-Олон нийт энэ хөтөлбөрийг ямар өнцгөөс ойлгох ёстой вэ?
-Энэ хөтөлбөрийг зөвхөн мэргэжлийн оролцогчдод зориулсан техникийн шинэчлэл гэж харах хэрэггүй. Энэ нь эцсийн дүндээ олон талт хамтын ажиллагаа бөгөөд
-Хөрөнгө оруулагчдад илүү ойлгомжтой орчин бүрдүүлэх,
-Үнэт цаасны үнэ бодитой тогтох,
-Компаниудад зах зээлээс хөрөнгө босгох боломж нэмэгдэх,
-Зах зээлд итгэх итгэлийг өсгөхөд чиглэж байгаа.
Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ирээдүйд илүү сайн хөрөнгө оруулалтын орчныг бий болгоход зорьж байна.
-Зах зээл үүсгэгчийн тогтолцоо яагаад ийм чухал гэж үзэж байна вэ?
-Зах зээл үүсгэгч гэдэг нь зах зээл дээр тухайн үнэт цаасыг худалдан авах, худалдах үнийн саналыг тогтвортой байлгаж, арилжааны идэвхийг дэмждэг оролцогч. Хэрэв зах зээл үүсгэгчийн тогтолцоо зөв ажиллавал:
-Худалдах худалдан авах захиалга хоорондын зөрүү багасна,
-Үнэ тогтоолт илүү үр ашигтай болно,
-Хөрөнгө оруулагч орох, гарах боломж нэмэгдэнэ,
-Арилжааны тасралтгүй байдал сайжирна.
Тиймээс хөрвөх чадварын тухай ярихад зах зээл үүсгэгчийн тогтолцоо бол хамгийн эхэнд эрэмбэлэгдэх сэдэв гэж хэлж болно.
-Шорт арилжаа, үнэт цаас зээлэх-зээлдүүлэх орчин бий болох нь зах зээлд ямар өөрчлөлт авчрах вэ?
-Энэ хоёр бол зах зээлийн хөгжлийн суурь орчин. Шорт арилжаа гэдэг нь зах зээл унах үед ашиг олох тухай яриа биш, харин илүү тэнцвэртэй үнэ тогтоолт, өргөн стратеги, бодит үнэлгээний орчныг бий болгох тухай асуудал.
Үнэт цаас зээлэх-зээлдүүлэх тогтолцоо бүрдсэнээр шорт арилжааны суурь ч бий болно, мөн институцийн хөрөнгө оруулагчдын оролцоо, арилжааны чанар сайжирна.
-Шинэ бүтээгдэхүүнүүдийн тухайд ямар хүлээлттэй байна вэ?
-Шинэ бүтээгдэхүүн гэдэг нь зөвхөн шинэ нэршил нэмэх тухай биш. Энэ нь зах зээлийг илүү өргөжүүлэх, уян хатан байдлыг нэмэгдүүлэх тухай асуудал юм. ETF, индексэд суурилсан бүтээгдэхүүн, бусад шинэ хэрэгслүүд хөрөнгийн зах зээлд нэвтэрснээр
-Хөрөнгө оруулагчдын сонголт нэмэгдэнэ,
-Зах зээлд шинэ оролцогч татна,
-Арилжааны суурь өргөжнө,
-Институцийн болон жижиг хөрөнгө оруулагчдын оролцоо аль аль нь өсөх боломжтой.
Гэхдээ бидний гол зорилго бол бүтээгдэхүүн нэмэхээс илүү, тэдгээрийг зөв орчинд, зөв дэд бүтэцтэйгээр зах зээлд нэвтрүүлэх юм.
“Энэ хөтөлбөрийн зорилго нь зөвхөн зах зээлийг тэлэх бус, илүү идэвхтэй, ил тод хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлж, чадвахыг бэхжүүлэхэд оршино.”
-Хөтөлбөрийн үр дүнг юугаар хэмжих вэ?
-Энэ хөтөлбөрийг зөвхөн зарлаад өнгөрөхгүй. Бид үүнийг тодорхой KPI-аар хэмжих ёстой. Үүнд:
-Арилжааны идэвх,
-Худалдах худалдан авах захиалга хоорондын зөрүү,
-Зах зээл дээр идэвхтэй үнэт цаасны тоо,
-Арилжааны өртгийн өөрчлөлт,
-Хөрөнгө оруулагчийн оролцоо,
-Шинэ бүтээгдэхүүний хэрэглээ зэрэг үзүүлэлтүүд орно.
Өөрөөр хэлбэл, хөтөлбөр амжилттай болсон эсэхийг үгээр биш, тоо баримтаар харна.
-Энэ бүхний эцсийн зорилго юу вэ?
-Эцсийн зорилго бол Монголын хөрөнгийн зах зээлийг зөвхөн өсөлтийн тоо тодорхойлох бус харин амьд, идэвхтэй, итгэл төрүүлдэг, хөрөнгө оруулалт татах чадвартай зах зээл болгох юм.
Бид зах зээлийг тэлэхийн зэрэгцээ илүү ил тод, хүртээмжтэй, өрсөлдөх чадвартай болгох ёстой. Тусгай хөтөлбөр нь энэ зорилгод чиглэсэн бодлогын нэг шат гэж ойлгож болно.
-Ярилцсанд баярлалаа.





















































