
Энэтхэг гаралтай, Дубай хотод амьдардаг нисэхийн хорхойтон Арун Ражагопал гэх залуу Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн төдийгүй Etihad Airways компанийн тансаг зэрэглэлийн хувийн бүхээгийг гэртээ байрлуулжээ. Түүний цуглуулга нисэх онгоцны эд анги, нэгдүгээр зэрэглэлийн суудал, нислэгтэй холбоотой ховор дурсгалуудаас бүрддэг байна.
Ражагопалын гэрт байрлах онцгой хэсэг нь Etihad компанийн A380 онгоцонд ашигладаг “The Residence” хэмээх гурван өрөө бүхий тансаг зэрэглэлийн хувийн бүхээг юм. Энэ нь тусдаа зочны өрөө, хоёр хүний ортой унтлагын өрөө, шүршүүртэй угаалгын өрөөтэй бөгөөд нислэгийн үеэр тусгай үйлчлэгч үйлчилдэг.
Тэрбээр өмнө нь уг бүхээгт долоон удаа нисэж байсан бөгөөд ялангуяа зочны өрөөний арьсан буйданд нь дурлажээ. Тиймээс бүхээгийн эд ангиудыг онгоцноос буулгасны дараа худалдаж авах боломж гарч ирэхэд эхлээд зөвхөн буйданг авахыг хүссэн байна. Харин нисэх онгоцны хуучин эд ангийг сэргээн ашигладаг Wings Craft компанийн үүсгэн байгуулагч Фаваз Мохаммед Али түүнд бүхэл бүтэн хэсгийг авах санал тавьжээ.
Бараг нэг жил үргэлжилсэн сэргээн засварлалтын ажил 2026 оны зургадугаар сард дууссан байна. Ингэхдээ зөвхөн гаднах төрхийг нь сэргээгээд зогсохгүй зурагт, гэрэлтүүлэг, цахилгаан удирдлагатай цонхны халхавч, USB цэнэглэгч болон гүйдэг хаалгуудыг ажилладаг болгожээ. Бүхээгийн эд ангиуд түүний амьдардаг байрны цахилгаан шатанд багтаагүй тул зургаан ажилчин долдугаар давхар хүртэл гараар зөөсөн байна.
Ражагопал Airbus A380 онгоцоор нийт 715 мянга орчим миль буюу 1.15 сая километр нисэж, зургаан тивээр аялжээ. Тэрбээр 45 онгоцны анхны нислэгт оролцож, нийт 96 өөр A380 онгоцоор ниссэн байна. Түүний цуглуулгад онгоцны дугуйгаар хийсэн кофе ширээ, нэгдүгээр зэрэглэлийн суудал, суудлын бүс, анхны нислэгийн гэрчилгээ болон онгоцны эд ангиуд бий. Харин хамгийн үнэ цэнтэй зүйл нь хуучин A380 онгоцноос авсан ердөө таван сантиметр урт хадаас аж.

Тэрбээр цуглуулгынхаа өртгийг тодорхой хэлэхээс татгалзсан ч гэртээ байрлуулсан тансаг бүхээгт зарцуулсан мөнгөөр машин худалдаж авах боломжтой байсан гэжээ.
Ражагопалын хувьд энэ бүхэн зүгээр нэг тансаг хэрэглээ бус, багаасаа хайрласан нисэх онгоцны ертөнцтэйгээ үргэлж ойр байх арга юм.
Л.Баяр




















































