
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2026 оны Нобелийн энх тайвны шагнал хүртэх боломжтой юу? Олон улсын мөргөлдөөнийг зохицуулахад оруулсан хувь нэмрээ онцолж, уг шагналыг хүртэх ёстой гэж үздэг Трампын хувьд Нобелийн хорооны шийдвэр дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Трамп өөрийгөө олон улсын хэд хэдэн мөргөлдөөнийг зохицуулахад оролцож, энх тайвныг тогтооход хувь нэмэр оруулсан гэж мэдэгдэж ирсэн. Түүний талынхан дипломат хэлэлцээ, гал зогсоох санаачилгуудыг онцолж, эдгээр хүчин чармайлт нь Нобелийн энх тайвны шагнал хүртэх үндэслэл болно гэж үздэг. Камбож, Израил, Пакистаны удирдагчид түүнийг нэр дэвшүүлсэн гэж өмнө нь мэдэгдэж байв.
Гэвч Трампын энх тайвны төлөөх хүчин чармайлтын бодит үр дүн маргаантай хэвээр байна. Түүний шийдвэрлэсэн гэж мэдэгдсэн зарим бүс нутагт зөрчил дахин дэгдэж, Орос, Украины дайныг эцэслэх зорилго биелээгүй байна. Мөн АНУ-ын гадаад бодлого, цэргийн ажиллагаатай холбоотой маргаан нь түүний энх тайвны төлөөх үйл ажиллагааг хэрхэн үнэлэх вэ гэсэн асуултыг дагуулдаг.
Шинжээчдийн хувьд аливаа удирдагчийн мэдэгдэл, улс төрийн амлалт бус, харин бодит үр дүн, энх тайванд оруулсан хувь нэмэр, түүний тогтвортой байдал чухал шалгуур болдог. Иймээс Трампын шагнал хүртэх боломжийг урьдчилан баттай дүгнэхэд хүндрэлтэй юм.
Трампын шагналтай холбоотой нэгэн сонирхолтой үйл явдал 2026 оны нэгдүгээр сард болсон. 2025 оны Нобелийн энх тайвны шагналт, Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо өөрийн медалийг Трампад гардуулсан юм. Гэвч энэ нь Трампыг Нобелийн шагналтан болгосон гэсэн үг биш. Шагналын эзний статусыг өөр хүнд шилжүүлэх боломжгүй.
2026 оны Нобелийн энх тайвны шагналд нийт 287 нэр дэвшигч бүртгүүлсэн бөгөөд үүнд 208 хувь хүн, 79 байгууллага багтжээ. Нэр дэвшигчдийн жагсаалтыг Норвегийн Нобелийн хороо 50 жилийн турш нууцалдаг тул Трамп нэр дэвшсэн эсэхийг албан ёсоор батлах боломжгүй. Эцсийн шийдвэрийг Норвегийн Нобелийн хороо гаргана. Трамп шагнал хүртэх боломжтой ч түүний дипломат хүчин чармайлтын бодит үр дүн, олон улсын нөхцөл байдал шийдвэрт нөлөөлөх гол хүчин зүйлс хэвээр байна.
Л.Баяр























































