
2018 онд дэлгэцнээ гарч, дэлхий даяар үзэгчдийн анхаарлыг татсан “Crazy Rich Asians” киноны үргэлжлэл найман ангит олон ангит цуврал хэлбэрээр бүтээгдэнэ. HBO уг төслийг албан ёсоор захиалсан бөгөөд гол дүрийн жүжигчид эргэн ирэхээр болжээ. Азийн чинээлэг гэр бүлийн тансаг амьдрал, хайр дурлал, гэр бүлийн зөрчилдөөнийг харуулсан уг бүтээл ийнхүү кино театраас телевизийн дэлгэц рүү шилжиж байна. Шинэ цуврал 2018 оны киноны үйл явдлын дараа өрнөх бөгөөд Кевин Кваны бестселлер номуудаас сэдэвлэн бүтээгдэнэ.
Жүжигчин Констанс Ву Рэйчел Чугийн дүрд, Хенри Голдинг Ник Янгийн дүрд дахин тоглоно. Мөн Ронни Чиенг Ник Янгийн үеэл Эдди Ченгийн дүрийг бүтээх бол “Оскар”-ын шагналт Мишель Ёо Ник Янгийн ээж Элеанор Янгийн дүрд эргэн тоглохоор болжээ.
Шинэ цувралын найруулагч, продюсерын багт анхны киноны уран бүтээлчид мөн багтаж байна. Анхны киноны зохиолыг хамтран бичсэн Адель Лим (Adele Lim) цувралын ерөнхий найруулагч, гүйцэтгэх продюсерээр ажиллана. Зохиолч Кевин Кван, найруулагч Жон М. Чу (Jon M. Chu) болон продюсерууд Нина Жейкобсон, Брэд Симпсон нар гүйцэтгэх продюсероор ажиллах аж.

2018 онд нээлтээ хийсэн “Crazy Rich Asians” кино дэлхий даяар 239 сая ам.доллар давсан орлого олсон нь романтик инээдмийн төрлийн бүтээлүүдийн дунд томоохон амжилтад тооцогддог. Тус кино Азийн дүрүүдийг Холливудын гол дүрд өргөнөөр харуулснаараа чухал нөлөө үзүүлсэн юм.
Анх уг бүтээлийн үргэлжлэлийг дахин кино хэлбэрээр хийхээр төлөвлөж байсан ч төсөл олон жил саатжээ. Харин телевизийн цуврал болгосноор дүрүүдийн харилцаа, гэр бүлийн зөрчил, Кевин Кваны зохиолын ертөнцийг илүү дэлгэрэнгүй харуулах боломж бүрдэж байна. Шинэ цувралын зураг авалтыг 2027 онд эхлүүлэхээр төлөвлөжээ. Харин нээлтийн тов, зураг авалтын байршил болон бусад жүжигчдийн бүрэлдэхүүнийг одоогоор зарлаагүй байна.
Л.Баяр























































