
Өчигдөр болсон Аичи-Нагоягийн Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн барилдааны үеэр Хятадын жүдоч өрсөлдөгчийнхөө гарыг хазсан тул тэмцээнээс хасагджээ. Тодруулбал, аравдугаар сарын 1-нд болсон шөвгийн наймын барилдаанд Японы Рин Маэда (Rin Maeda) Хятадын Тан Жин (Tang Jing)-тэй учраа таарсан байна. Барилдаан эхэлснээс нэг минут гаруйн дараа Тан Жин өрсөлдөгчийнхөө зүүн гарын бугуйн орчимд хазжээ.
Маэда шууд барилдаанаа зогсоож, шүүгчид гомдол мэдүүлэн гар дээрээ үлдсэн хазалтын ормыг үзүүлсэн байна. Бичлэгийг дахин шалгасны дараа шүүгчдийн бүрэлдэхүүн Тан Жинд “Hansoku-make” буюу ноцтой зөрчлийн улмаас шууд хасах шийтгэл оноож, Маэдаг ялсан гэж үзжээ.
Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Маки Цукада энэ явдлыг жүдогийн урт хугацааны карьертаа урьд өмнө харж байгаагүй тохиолдол хэмээн ярьсан байна. Түүний хэлснээр Маэдагийн гар дээрх хамгаалалтын туузыг авсны дараа шүдний мөр тод үлдсэн байсан ч эмнэлгийн тусламж, ариутгал хийх хэмжээнд хүрээгүй аж.
Харин энэ явдлаас үл хамааран Маэда тэмцээнээ үргэлжлүүлж, хагас шигшээд БНАСАУ-ын Мун Сон Хи-г, финалд Казахстаны Азхар Асхатыг ялснаар эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Азийн наадмын аварга болсон байна.
Маэда тэмцээний дараа гар нь өвдсөн ч барилдааны үеэр адреналин их байсан тул удалгүй мартсан хэмээн ярьжээ. Харин Тан Жин уг барилдааны дараа хэвлэлд тайлбар өгөөгүй байна. Энэхүү үйл явдал нь жүдогийн тэмцээний үеэр өрсөлдөгчөө хазах нь хэрхэн ноцтой зөрчилд тооцогдож, шууд хасалт авахад хүрдгийг харуулсан ховор тохиолдол болж байна.
Л.Баяр




















































