
Өмнөд Солонгос АНУ-ын эрчим хүчний салбарт 200 тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө оруулах томоохон төлөвлөгөөг танилцууллаа. Энэхүү хөрөнгө оруулалт нь хоёр улсын өнгөрсөн онд байгуулсан худалдааны тохиролцооны хүрээнд хэрэгжих бөгөөд эрчим хүч, цөмийн технологи, хий болон хиймэл оюун ухааны дэд бүтцэд чиглэнэ.
Төлөвлөгөөний эхний томоохон төсөл нь Техас мужид 22.3 тэрбум ам.долларын өртгөөр хийн цахилгаан станц байгуулах ажил юм. 6472 мегаваттын хүчин чадалтай уг станц нь ойролцоох хиймэл оюун ухааны дата төвүүдийг цахилгаанаар хангах зориулалттай. Эхний шатны үйл ажиллагааг 2029 онд эхлүүлж, 2032 онд бүрэн хүчин чадлаар ажиллахаар төлөвлөжээ.
Мөн Өмнөд Солонгосын тал АНУ-д найман том оврын цөмийн реактор байгуулахад 120 тэрбум ам.доллар хүртэл зарцуулах хүрээнд хамтран ажиллахаар төлөвлөж байна. Үүнд барилгын зардал болон болзошгүй нэмэлт зардлын сан багтах бөгөөд хоёр улсын компаниудын оролцооны нарийн нөхцөлийг цаашид тохиролцох юм.
Үүнээс гадна Аляскад шингэрүүлсэн байгалийн хий буюу LNG-ийн төсөл хэрэгжүүлэх асуудал яригдаж байна. АНУ-ын тал уг төсөлд 50 тэрбум ам.доллараас илүү хөрөнгө оруулна гэж мэдэгдсэн ч Өмнөд Солонгосын Засгийн газар төслийн эдийн засгийн үр ашиг, хууль эрх зүйн нөхцөлийг эцэслэн шалгасны дараа шийдвэр гаргана гэж мэдэгджээ.
Эдгээр хөрөнгө оруулалт нь Өмнөд Солонгосын АНУ-д хийх нийт 350 тэрбум ам.долларын стратегийн хөрөнгө оруулалтын багцын нэг хэсэг юм. Үүний 150 тэрбум ам.долларыг усан онгоц үйлдвэрлэлийн салбарт, 200 тэрбумыг стратегийн салбаруудад зарцуулахаар тохиролцсон байна. Өмнөд Солонгосын Засгийн газар хөрөнгө оруулалтын хэмжээг жилд 20 тэрбум ам.доллар, нийтдээ 200 тэрбум ам.доллараас хэтрүүлэхгүй байх эрх зүйн хамгаалалттай гэж мэдээлжээ.
Л.Баяр























































