
Улаанбаатар хотыг тольдон харах өндөр барилгын дээвэр дээрээс, орчин үеийн сүндэрлэх барилгууд болон хотын захаас үргэлжлэх уудам тал нутаг алган дээр мэт харагдана. Яг л энэ газраас The MongolZ баг шинэ бичлэгээрээ дамжуулан эх орноо дэлхий нийтэд дахин нэг удаа сурталчилж байна.
Энэхүү бичлэг нь Монголын телевизийн сувагууд болон нийслэлийн гол дэлгэцүүдээр цацагдаж байгаа бөгөөд та ямар ч тавцанд өрсөлдөж, өглөө бүр ямар ч улсад сэрсэн бай та бүхний үндэс угсаа үргэлж хамт байдаг гэдгийг харуулахаар зорьжээ.

The MongolZ баг тэмцээнээс тэмцээний хооронд нисэх онгоцны буудал, зочид буудлын хооронд амьдардаг ч тэдний талбайд гарах бүр нь Монгол улсын талаар огт сонсож байгаагүй хүмүүст эх орноо сурталчлах дахин нэг боломж болдог билээ.
Энэхүү аяны талаар The MongolZ багийнхан дараах асуултуудад хариулт өгч, сэтгэгдлээ хуваалцлаа:
Үндэс угсаагаа санах нь тэдний хувьд хамгийн энгийн зүйлсээс эхэлдэг бөгөөд зочин ирэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн ширээ засаж угтдаг, эргэн тойронд нь бүгд англиар ярьж байхад бэлтгэлийн бааз дээр өөр хоорондоо монгол хэлээрээ ярилцах нь хамгийн чухал байдаг аж. Бусад тивд явж байхдаа монгол хэл сонсох юм бол тэд шууд л эргэж хардаг бөгөөд үндэс угсаагаа санах нь ухамсарлаж хийдэг зүйл биш, харин тэдний өдөр тутмын амьдралын нэгэн чухал хэсэг юм. Амжилтынх нь ачаар тэд дэлхийд Монголын дуу хоолой болж байгаагаа мэдэрч, асар том хариуцлагыг ухамсарлаж байна. Нийт эх орон нэгтнүүд, хамтран ажилладаг олон улсын байгууллагууд болон найз нөхөд нь тэднийг дэмжиж байгаа тул бүх дэлхий тэднийг харж байгааг ойлгож, эх орныхоо дуу хоолой болох хувь тавилан оногдсон бол түүнийг нэр төртэйгээр төлөөлөхийг хүсдэг байна.

Дэлхий нийт өнөөдөр The MongolZ багаар дамжуулан Монгол улсыг харж байна. Олон хүмүүс одоог хүртэл манай орныг зөвхөн хөдөө тал, морьд, гэрээр төсөөлдөг бөгөөд энэ нь бидний бахархал мөн боловч хурдацтай хөгжиж буй том хотууд болон дэлхийн өндөр түвшинд өрсөлдөж буй залуустай гэдгийг харуулахыг зорилго болгожээ.
Тогтмол аялаж, нисэж, тэмцээнд оролцдог тэдний хувьд хэсэг хугацаанд завсарлага авч, эх орондоо эргэн ирж, өссөн орчноо дэлхийд харуулах нь өөрсдөдөө болон хөгжөөн дэмжигчдэдээ бүх зүйл хаанаас эхэлснийг сануулах чухал боломж байв. Мөн тэдний гэр гэх мэдрэмж өөрчлөгдөж, урьд нь тодорхой орон сууц, гудамж, хот байсан бол одоо жил дамнан аялдаг болсноор баг байгаа газар бүр тэдний гэр болжээ.
Багийн зан чанарын хувьд хатуу ширүүн уур амьсгал, уудам зайд дассан тэсвэр хатуужил нь тэдийг урагшлуулж, тэвчээртэй хүлээж, хүнд хэцүү үед бууж өгөхгүй байхад сургасан байна. Тэд залуу үеийнхэндээ өөрийн мөн чанараа алдалгүйгээр дэлхийн тавцанд гарч чадна гэдгийг нотлон харуулахыг хүсэж байгаа бөгөөд хэрэв залуус тэднээс урам зориг авч, мөрөөдөлдөө итгэж эхэлбэл зөв зүйл хийж байгаагийнх нь илрэл юм. "Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ" аяны нэрний хувьд The MongolZ багийнхны хувьд дэлхий Монголоос эхэлдэг. Учир нь энд л тэд анх тоглож, анхны хөгжөөн дэмжигчид нь дэмжиж, анхны тэмцээндээ мордож байсан тул тэдний хувьд бүх зүйл эхэлсэн эх орон нь дэлхийн эхлэл юм.






















































