
Азербайжан улсын нийслэл Баку хотод үргэлжилж буй 2026 оны насанд хүрэгчдийн жүдо бөхийн ДАШТ өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаанууд явагдах бөгөөд Монголын гурван жүдоч татамид өрсөлдөнө. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд ОУХМ О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд МУГТ Л.Энхрийлэн, ОУХМ Б.Ганхайч нар Монголын багийг төлөөлөн барилдана.
Л.Энхрийлэн — 63 кг
Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Л.Энхрийлэн 63 кг-ын жинд энэ жилийн ДАШТ-д медалийн гол найдваруудын нэгээр нэрлэгдэж байна. Олон улсын жүдо бөхийн холбоо түүнийг Бакугийн тэмцээний энэ жингийн медалийн төлөө өрсөлдөх тамирчдын нэг гэж онцолжээ.
Тэрбээр 2026 онд Казахстаны Гранд Сламд түрүүлж, ДАШТ-ээс өмнө дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж байв. Мөн Азийн аварга болсон амжилттай.
Л.Энхрийлэн “С” хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт Испанийн Ариэла Санчес Бенитестэй барилдахаар сугалаа гарсан байна. Хэрэв дараагийн шатанд шалгарвал энэ хэсгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг болох Косовогийн Лаура Фазлиутай учрах боломжтой.
Б.Ганхайч — 63 кг
Мөн 63 кг-ын “А” хэсэгт ОУХМ Б.Ганхайч өрсөлдөнө. Тэр эхний тойрогтоо гоц мөргөсөн бөгөөд дараагийн барилдаандаа Германы Фридерике Штолце болон ОУОХ-ны дүрвэгчдийн багийн Мелика Балали нарын хэн ялсантай учраа таарна. Б.Ганхайчийн хэсгийг дэлхийн чансааг тэргүүлэгч, Японы Харуко Кажү тэргүүлж байгаа бөгөөд Кажү тэмцээний гол фаворитуудын нэг юм.
О.Шинэбаяр — 81 кг
Эрэгтэйчүүдийн 81 кг-д Монголын ОУХМ О.Шинэбаяр хүч үзнэ. Энэ жинд дэлхийн аваргын медалийн төлөө олон шилдэг тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр урьдчилсан барилдаанууд Баку хотын цагаар 10:30 цагаас эхэлж, шигшээ барилдаанууд 18:00 цагаас болно.
Л.Баяр




















































