
Францад боловсролын салбарын нөхцөл байдлыг эсэргүүцсэн сурагч, оюутнуудын жагсаал улс даяар өргөжиж, эрх баригчдад томоохон сорилт болж байна. Есдүгээр сарын сүүлээр эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн богино хугацаанд олон хотод тархаж, сургуулиудын үйл ажиллагаанд нөлөөлжээ.
Эсэргүүцлийн гол шалтгаан нь сургуулийн багш, ажилтны хүрэлцээ муу, анги танхимын ачаалал их, сургуулийн барилга байгууламжийн нөхцөл муу, шаардлагатай тоног төхөөрөмж дутагдалтай зэрэг асуудал аж. Мөн багш өвчтэй болон бусад шалтгаанаар хичээлдээ ирээгүй тохиолдолд түүнийг орлох хүн олддоггүй талаар сурагчид гомдоллож байна.
Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан туслах ажилтан, сургуулийн сувилагч зэрэг мэргэжлийн боловсон хүчний дутагдалд анхаарал хандуулахыг шаарджээ.

CNN-ийн мэдээлснээр эсэргүүцлийн үеэр Франц даяар 1000 гаруй сургууль ямар нэг хэмжээгээр хохирч, зарим сургууль үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Өнгөрсөн долоо хоногт цагдаа нар 5000 гаруй хүнийг саатуулсан бөгөөд тэдний дийлэнх нь насанд хүрээгүй сурагчид байжээ.
Зарим жагсаалын үеэр сурагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч, сургуулийн барилга, эд хөрөнгөд хохирол учирсан байна. Харин жагсагчид цагдаагийн байгууллага хэт хүч хэрэглэсэн гэж буруутгажээ. Мөргөлдөөний үеэр нэг сурагч хүндээр бэртсэн хэрэг мөн шалгагдаж байна.
Францын Боловсролын сайд сурагчдын төлөөлөлтэй уулзсан ч жагсагчид тодорхой үр дүн гараагүй гэж үзэж, шаардлагаа үргэлжлүүлэн тавихаар болсон байна. Эсэргүүцэл боловсролын салбарын асуудлаас эхэлсэн ч өдгөө Францын улс төрийн маргааны нэг хэсэг болжээ. Сурагчид гол шаардлагаа “хүрэлцээтэй багш, зохистой сургалтын орчин, чанартай боловсрол” хэмээн тодорхойлж байна.

Л.Баяр
























































