
Япон улсын Айчи-Нагоя хотноо зохион байгуулсан 20 дахь удаагийн Азийн наадам өндөрлөж, Монголын баг 1 алт, 1 мөнгө, 13 хүрэл, нийт 15 медальтайгаар 27 дугаар байр эзэллээ. Монгол Улс 2026 оны Азийн наадамд 31 спортын төрөлд 300 гаруй тамирчнаа оролцуулсан. Тэмцээн есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд үргэлжилж, 46 орны тамирчид өрсөлджээ.
Монголын багийн цорын ганц алтан медалийг К.Ёолк жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд хүртэв. Тэрбээр финалд Узбекистаны Парисын олимпын хүрэл медальт Абдурахим Нутфуллоевыг иппон үнэлгээгээр ялж, Монголын багийн анхны алтан медалийг авчирсан юм. К.Ёлко финалын барилдааныг ердөө 1 минут 30 секундэд дуусгасан байна.
Харин жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг-д Т.Алтанзаяа мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр финалд БНСУ-ын Хөх Мимид ялагдсан юм. Жүдо бөхөөр Монгол нийт 1 алт, 1 мөнгө, 5 хүрэл долоон медаль хүртсэн байна.

Монголын багийн 13 хүрэл медалийн дотор жүдо бөхийн таван медалиас гадна чөлөөт бөхийн дөрөв, бокс, жюү жицү, дугуйн спорт, цахим спортын тус бүр нэг хүрэл багтжээ.

Тухайлбал, Монголын Mobile Legends: Bang Bang-ийн шигшээ баг хүрэл медаль хүртэж, Азийн наадмын цахим спортын төрөлд медалийн буухиагаа үргэлжлүүлсэн байна.
Гэвч энэ жил өмнөх наадмын амжилтаас буурсан үзүүлэлт харагдав. Монгол Улс Ханжөү-2022 Азийн наадмаас 3 алт, 5 мөнгө, 13 хүрэл, нийт 21 медаль хүртэж байсан бол энэ удаа медалийн тоо 15 болж буурлаа.
Эцсийн дүнгээр Хятад 169 алт, 89 мөнгө, 83 хүрэл, нийт 341 медаль хүртэж тэргүүлсэн бол Япон 83 алт, 95 мөнгө, 91 хүрэл медалиар хоёрдугаарт, БНСУ 39 алт, 43 мөнгө, 68 хүрэлтэйгээр гуравдугаарт бичигджээ. Ийнхүү Айчи-Нагоя-2026 Азийн наадамд Монголын тамирчид 15 медаль хүртэж, 27 дугаар байрт орсноор тэмцээнээ өндөрлүүлэв.
Л.Баяр























































