
Жүдо бөхийн 2026 оны насанд хүрэгчдийн ДАШТ Азербайжаны нийслэл Баку хотод үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн -73 кг, эмэгтэйчүүдийн -57 кг-ын жингийн барилдаанууд болно. Энэ өдөр Монголын гурван жүдоч татамид гарна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн -73 кг-д О.Уранбаяр, эмэгтэйчүүдийн -57 кг-д Т.Ариунзаяа, Л.Сосорбарам нар хүч үзэхээр сугалаа гарчээ.
О.Уранбаяр -73 кг-ын “D” хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт Арабын Нэгдсэн Эмират улсын Махмадбек Махмадбековтой барилдана. Монголын жүдоч дэлхийн чансааны 17 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд энэ жил Улаанбаатарын “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн амжилттай.
Харин эмэгтэйчүүдийн -57 кг-д Т.Ариунзаяа “B” хэсэгт орсон. Тэрбээр эхний тойрогт Финландын Пихла Салонентой учраа таарчээ. Т.Ариунзаяа энэ жинд дэлхийн чансааны 13 дугаарт бичигдэж байгаа юм. Тэр мөн энэ онд Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. Саяхан өндөрлөсөн Азийн наадмаас мөн мөнгөн медаль хүртээд буй.
ОУХМ Л.Сосорбарам -57 кг-ын “D” хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогт Японы Момо Тамаоки болон АНУ-ын Мариа Холгуин нарын ялсантай нь барилдахаар оноолт таарчээ.
Энэ жилийн ДАШТ-д Монгол Улсаас нийт 18 жүдоч буюу эрэгтэй ес, эмэгтэй есөн тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээн 10 дугаар сарын 4-10-нд үргэлжилнэ.
Л.Баяр























































