
Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Месси үндэсний шигшээ багийнхаа төлөөх сүүлчийн тоглолтоо хийж, олон жилийн гайхамшигт замналаа гоол, хоёр гоолын дамжуулалтаар өндөрлүүллээ. 39 настай Месси аравдугаар сарын 6-нд Буэнос-Айрес хотын “Монументаль” цэнгэлдэхэд Бениний шигшээ багийн эсрэг нөхөрсөг тоглолтод Аргентины гарааны бүрэлдэхүүнд багтан тоглосон юм. Аргентин энэ тоглолтод 3:0-ээр ялалт байгуулсан бөгөөд Месси багийнхаа гурван гоолд бүгдэд нь оролцлоо.
Тэрбээр эхний гоолыг 48 дахь минутад Николас Отамендигийн толгойгоор оруулсан бөмбөгт дамжуулалт өгч эхлүүлсэн бол 61 дэх минутад Нико Пасын гоолын дамжуулалтыг мөн хийжээ. Харин 71 дэх минутад өөрөө торгуулийн цохилтоос гоол оруулж, шигшээ багийнхаа төлөөх сүүлчийн тоглолтоо өндөрлүүлжээ.
Ингэснээр Месси Аргентины шигшээ багийн төлөө 208 дахь тоглолтоо хийж, 126 дахь гоолоо оруулан олон улсын замналаа өндөрлүүлэв. Тэрбээр Аргентины түүхэнд шигшээ багийнхаа төлөө хамгийн олон тоглолтод оролцож, хамгийн олон гоол оруулсан тоглогч хэвээр үлдэж байна.
Месси Аргентины шигшээ багтай 21 жилийн турш хамт байсан. Энэ хугацаанд тэрээр 2021, 2024 оны Копа Америка, 2022 оны дэлхийн аваргын цомыг хүртсэн бөгөөд Аргентины хөлбөмбөгийн түүхэнд хамгийн том амжилтуудыг бүтээсэн үеийн гол тоглогч нь болсон юм.
“Монументаль” цэнгэлдэхэд 85 мянга гаруй хөгжөөн дэмжигч цугларч, Аргентины домогт тоглогчоо сүүлчийн удаа шигшээ багийн өмсгөлтэй нь харлаа. Тоглолтын дараа Месси нулимс дуслуулан хөгжөөн дэмжигчид болон Аргентины шигшээ багт талархал илэрхийлсэн байна.
Гэхдээ энэ нь Мессигийн мэргэжлийн хөлбөмбөгийн замналын төгсгөл биш юм. Тэрбээр клубийн түвшинд “Интер Майами”-д тоглосоор байх бөгөөд 2028 он хүртэл гэрээтэй байгаа.
Л.Баяр





















































