
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг (ZSL) болон дэлхийн 100 гаруй шилдэг эрдэмтэд, мэргэжлийн байгууллагууд хамтарч “Амьд ертөнцийн тайлан-2026”-г танилцууллаа. Энэ удаагийн тайлангийн гол онцлог нь мөхөхөд ойрхон байсан зарим зүйлийн амьтан эргэн сэргэж байгаа, итгэл найдварын гал ассан талаар онцлон дурдсан билээ. Тэгвэл ийм жишээ Монголд байгаа бөгөөд монгол бөхөнтэй холбоотой юм. Монгол бөхөн бол зөвхөн Монголд байдаг унаган амьтан билээ.
Байгаль, нийгмийн олон сөрөг нөлөөлийн улмаас бөхөнгийн тоо толгой эрс цөөрч, тархац нутаг нь хумигдаж, 1981 оны судалгаагаар мянга гаруйхан бөхөн зөвхөн Шаргын говьд үлдсэн бөгөөд бусад газарт устаж, мөхлийн ирмэгт ойртсон хар өдрүүд ч бий. Нутгийн унаган амьтан болох монгол бөхөнгөө мөхлөөс аврахын тулд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар 1997 оноос эхлэн талуудтай хамтран хамгааллын ажлыг тасралтгүй хийсэн юм. 1998 оны судалгаагаар ердөө 3000 монгол бөхөн үлдээд байв. Хэдийгээр мундахгүй олон бэрхшээл байсан ч Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар бөхөн хамгааллын олон талт үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, хэрэгжүүлж чадсан юм.
Хэдийгээр олон бэрхшээл байсан ч бөхөн хамгааллын олон талт үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, хэрэгжүүлж чадсан юм. Үүнээс онцлон дурдвал, талуудтай хамтран бөхөн хамгааллын хууль эрхзүйн орчныг сайжруулж, бөхөнгийн зарим тархац нутгийг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авч чадсан нь томоохон амжилт болсон. Бөхөн хамгаалагчдаас бүрдсэн хууль бус агнууртай тэмцэх сүлжээ баг бий болгож, хяналт шалгалтыг тогтмолжуулснаар хууль бус агнуурыг таслан зогсоож чадлаа.
Бөхөнгийн үнэ цэнэ, хамгаалахын чухлыг ойлгуулах сургалт, сурталчилгааны ажлыг өргөн цар хүрээгээр олон жилийн туршид хийж ирлээ. Үүний үр дүнд нутгийн иргэдийн мэдлэг, хандлага сайжирч, сурталчилгааны ажилд өөрсдийн санаачилгаар идэвхтэй оролцдог болсон юм. Мөн бөхөн ундаалдаг булаг шандны эхийг хашиж хамгаалсан нь амьдрах орчныг нь сэргээн сайжруулах чухал шийдэл болсон юм. 2025 оны судалгаагаар Монгол бөхөнгийн тоо толгой өсч 28,800 гаруй байгааг тогтоожээ.
Ийнхүү хамгаалал сайжирч, тоо толгой өсөхийн хэрээр Монгол бөхөн өмнөх түүхэн тархац нутагтаа буюу Хяргас нуурын хөндийд олон жилийн дараа эргэн ирж байрших болсон нь зэрлэг амьтан хамгааллын сайн туршлага, сонгодог жишээ болж байна. Мэргэжилтнүүдийн судалгаагаар түүхэн тархац нутагтаа эргэн ирсэн Монгол бөхөнгийн тоо толгой нийтдээ 1659 болж нэмэгджээ. Энэ нь том биетэй хөхтөн амьтныг зориудаар сэргээн нутагшуулах бус, харин хамгааллын оновчтой арга хэлбэр, менежментийг сонгож хэрэгжүүлснээр өөрөө байгалийн жамаараа нүүдэллэн тархаж, тоо толгой нь нэмэгдэх нөхцлийг бүрдүүлдгийн тод илрэл болж байгаа юм.
























































