
НАСА-гийн “Apollo” хөтөлбөрийн сансрын нислэгийн программ хангамжийг боловсруулахад голлох үүрэг гүйцэтгэсэн, программ хангамжийн инженерчлэлийн салбарын анхдагчдын нэг Маргарет Хамилтон 90 насандаа таалал төгслөө. Түүний нас барсан тухай Массачусетсийн Технологийн Институт (MIT) мэдээлсэн бөгөөд Хамилтон есдүгээр сарын 30-нд нас барсан байна. Түүний үхлийн шалтгааныг мэдээлээгүй байна.
Хамилтон 1959 онд MIT-д ажиллаж эхэлж, 1970-аад оны дунд үе хүртэл тус сургуульд ажилласан. Тэрээр MIT-ийн Инструментейшн лабораторийн Программ хангамжийн инженерчлэлийн хэлтсийг удирдаж байжээ. Тус лаборатори 1961 онд НАСА-тай хамтран “Apollo” хөтөлбөрийн удирдлагын системийг боловсруулах гэрээ байгуулсан байна.
Хамилтон улмаар 100 орчим инженерээс бүрдсэн багийг удирдан, “Apollo” хөтөлбөрийн сансрын хөлгийг чиглүүлэх, удирдах программ хангамжийг боловсруулах ажилд оролцжээ. Түүний энэ ажил нь программ хангамжийн инженерчлэлийг бие даасан мэргэжлийн салбар болон хөгжихөд чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг.

Түүний бүтээсэн системийн найдвартай ажиллагаа 1969 оны “Apollo 11” нислэгийн үеэр онцгой ач холбогдолтой болсон юм. Сарны гадаргууд анх удаа хүн буухын өмнөхөн сансрын хөлгийн компьютер дохиолол өгч, системийн ачаалал нэмэгдсэн байна. Гэвч Хамилтоны багийн боловсруулсан программ алдааг илрүүлж, чухал ажиллагаанд давуу эрх олгон системийг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдүүлжээ.
НАСА-гийн мэдээлснээр уг программын хамгаалалтын систем нь сарны гадаргууд буухаас ердөө гурван минутын өмнө үүссэн асуудлыг зохицуулж, нислэгийг аюулгүй үргэлжлүүлэхэд тусалсан байна.
Хамилтон 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагаас Ерөнхийлөгчийн Эрх чөлөөний медаль хүртсэн. Мөн 2003 онд НАСА-гийн “Exceptional Space Act Award” шагналаар шагнагджээ. Түүний бүтээсэн “Apollo” программ хангамж нь хүн төрөлхтөн Саран дээр хүрсэн түүхэн үйл явдлын технологийн суурийн нэг болсон төдийгүй орчин үеийн программ хангамжийн инженерчлэлийн хөгжилд томоохон өв үлдээжээ.

Л.Баяр




















































