
Жүдо бөхийн 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотод үргэлжилж байна. Тэмцээний дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд Гүржийн Тато Грагалашвили алтан медаль хүртэж, дэлхийд дөрөв дэх удаагаа аваргаллаа.
26 настай Грагалашвили финалд тэмцээнийг зохион байгуулагч орны тамирчин, Азербайжаны Зелим Цкаевтай барилдсан. Хоёр жүдочийн өрсөлдөөн үндсэн цагт шийдэгдэлгүй, нэмэлт цаг буюу “алтан оноо”-д шилжсэн байна. Удаан үргэлжилсэн ширүүн барилдааны эцэст Грагалашвили өрсөлдөгчийнхөө довтолгоог сөрөн мэх хийж, вазари үнэлгээ авснаар ялалтаа баталгаажуулжээ.

Грагалашвили өмнө нь 2022 онд Ташкент, 2023 онд Доха, 2024 онд Абу-Даби хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд түрүүлж байв. Харин 2025 оны ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн юм. Ийнхүү Бакуд түрүүлснээр дэлхийн аваргын дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай болжээ.
Финалын дараа Грагалашвили сүүлийн гурван сарын бэлтгэл нь өөрт нь маш чухал байсан талаар ярьсан байна. Гүржийн шигшээ багийн дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсны дараа багийнхан шинэ нөхцөлд дасан зохицож, хамтын бэлтгэлээ үргэлжлүүлсэн нь энэ амжилтад нөлөөлсөн гэж тэрбээр онцолжээ.
Түүний өрсөлдөгч Цкаев мөнгөн медаль хүртсэн бол Азербайжаны Омир Ражабли, Сербийн Михайло Симин нар хүрэл медалийн эзэд болсон байна. Грагалашвили ийнхүү дэлхийн дөрвөн удаагийн аварга болсон амжилтаараа орчин үеийн жүдо бөхийн -81 кг-ын жинд өөрийн байр суурийг дахин баталлаа.
Л.Баяр



















































