
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 62, 68, 72 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ. Монгол Улсаас Б.Отгонтуяа, Т.Алтжин, Э.Дэлгэрмаа, З.Болортунгалаг нар дэвжээнд гарах бол Т.Энхжин хүрэл медалийн төлөө барилдаж, Б.Хулан, Э.Даваанасан нар дагах барилдаанд хүч үзнэ.
Казахстаны Астана хотод аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилж буй тус тэмцээнд дэлхийн 90 гаруй орны шилдэг бөхчүүд өрсөлдөж байна. Өнөөдөр Монголын эмэгтэй бөхчүүдийн хувьд медалийн төлөөх чухал барилдаанууд болохын зэрэгцээ дөрвөн жинд шинэ өрсөлдөөн эхэлнэ.
Б.Отгонтуяа Алжирын бөхтэй барилдана

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Азийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн наадмын хүрэл медальт Б.Отгонтуяа эхний тойрогт Алжирын Чейма Чебилатай хүч сорихоор сугалаа татжээ. Тэрбээр эхний учраагаа ялбал шигшээ 16-д Нигерийн Кристиана Огунсанятай барилдана. Энэ жинд Японы Мое Киёока зэрэг хүчтэй өрсөлдөгчид багтсан тул медалийн төлөөх өрсөлдөөн ширүүн байх төлөвтэй байна.
Т.Алтжин дэлхийн аваргатай учраа таарчээ

62 кг-ын жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Т.Алтжин Казахстаны Ирина Кузнецоватай эхний барилдаанаа хийнэ. Хэрэв тэрбээр ялалт байгуулбал дараагийн шатанд дэлхийн хошой аварга, Японы Нонока Озакитай хүч үзэх магадлалтай. Нонока Озаки нь энэ жингийн дэлхийн шилдэг бөхчүүдийн нэг бөгөөд Монголын тамирчны хувьд өндөр түвшний өрсөлдөөн хүлээж байна.
Э.Дэлгэрмаа Венесуэлийн бөхтэй барилдана
![]()
Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Дэлгэрмаа Венесуэлийн Натали Херрератай учраа таарчээ. Эхний барилдаандаа ялбал Шведийн Тиндра Шёбергтэй хүч сорих боломжтой. Энэ жинд АНУ-ын Кеннеди Блейдс, Японы Ами Ишии зэрэг хүчтэй бөхчүүд өрсөлдөж байгаа тул Э.Дэлгэрмаад амаргүй даваанууд хүлээж байна. Э.Дэлгэрмаа өмнө нь дэлхийн аваргын медаль хүртэж байсан туршлагатай. Тиймээс энэ удаагийн тэмцээнд амжилтаа ахиулж, дахин медалийн төлөө өрсөлдөхийг зорих юм.
З.Болортунгалаг Азийн аваргатай хүч үзнэ

72 кг-ын жинд Азийн аварга З.Болортунгалаг Японы Махиро Ёшитакетэй барилдахаар сугалаа татжээ. Махиро Ёшитаке нь Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилттай тамирчин юм. З.Болортунгалаг дэлхийн чансааны зургаадугаар байрт эрэмбэлэгдэн тус тэмцээнд оролцож байгаа нь түүний ур чадвар, олон улсын тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтыг илтгэнэ. Тэрбээр эхний барилдаандаа ялбал дараагийн шатанд өрсөлдөх боломжоо нэмэгдүүлнэ. Харин энэ жинд Казахстаны Жамила Бакбергенова зэрэг туршлагатай бөхчүүд мөн медалийн төлөө өрсөлдөж байна.
Т.Энхжин хүрэл медалийн төлөө барилдана

Өнөөдөр Монголын бөхчүүдээс Т.Энхжин эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд хүрэл медалийн төлөө хүч үзнэ. Дэлхийн аваргын хүрэл медалиа ихэрлүүлэх алтан боломж Т.Энхжинг хүлээж байна.
Б.Хулан, Э.Даваанасан нар дагах барилдаан хийнэ

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Хулан, 76 кг-ын жинд мөн дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Даваанасан нар өнөөдөр дагах барилдаан хийнэ.
Б.Хулан эхний барилдаандаа Бразилын Жуллиа Пеналберыг 7:3-аар ялсан ч дараагийн барилдаандаа БНХАУ-ын Хон Кексинд ялагдсан. Харин өрсөлдөгч нь финалд шалгарсан тул дагах барилдаанд оролцох боломжтой болжээ.
.jpg)
Э.Даваанасан 76 кг-ын жингийн шөвгийн наймд Энэтхэгийн Кажалд ялагдсан ч өрсөлдөгч нь хагас шигшээд шалгарснаар дагах барилдаанд хүч үзэх эрхтэй болсон байна. Хоёр бөх дагах барилдаандаа ялалт байгуулбал хүрэл медалийн төлөө өрсөлдөх боломжоо хадгалж үлдэнэ.
Л.Баяр




















































