
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмэгдүүлсэн ч зарцуулалтын зорилго, хүрэх үр дүн нь тодорхойгүй байгааг шүүмжилж, төсвийн нэмэгдлийг хасах санал гаргалаа. Мөн төрөөс хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл, сурталчилгаа нэрээр төсөв тусган санхүүжүүлэхийг хориглох хуулийн төсөл санаачилж байгаагаа мэдэгдсэн юм.
Тэрбээр "МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна. Ямар үр дүнд хүрэх, юу хийх гэж байгаа нь тодорхойгүй. Улсын төсвөөр санхүүждэг, иргэдээс хураамж авдаг, арилжааны эрхтэй байгууллага хууль зөрчөөд ажиллаж байна.
Төрөөс хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл сурталчилгаа нэртэй зардлыг оруулахгүй байх хуулийн төслийг санаачилж, хоёр дахин нэмэгдсэн зардлыг хасах санал гаргаж байна" гэв.





















































