
Монгол тоглогчдоор эгнээгээ тэлсэн BC.Game баг Counter-Strike 2-ын Digital Crusade DraculaN Season 7 тэмцээний хэсгийн шатанд хоёр дараалан ялалт байгуулж, плей-оффт шалгарлаа. Румын улсын Бухарест хотод аравдугаар сарын 19-23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй тус тэмцээнд нийт 24 баг өрсөлдөж байгаа бөгөөд 35 мянган ам.долларын шагналын сантай юм.
BC.Game баг эхний тоглолтоо Drama багийн эсрэг хийж, Mirage дээр 13:8-аар ялалт байгуулсан. Улмаар хэсгийн тэргүүн байрын төлөөх тоглолтод WhiteBIT Team-тэй учраа тааран, Dust2 дээр 13:10-аар хожжээ. Ингэснээр хэсэгтээ хоёр хожилтойгоор нэгдүгээр байрт бичигдэж, плей-оффын эрхээ баталгаажуулсан байна.
BC.Game багийн бүрэлдэхүүнд Украины алдарт тоглогч Александр “s1mple” Костылев, Данийн Эмиль “Magisk” Рейф нарын хамт Монголын М.Азбаяр “Senzu”, Б.Аюуш “mzinho” нар багтаж байгаа юм. WBT багтай хийсэн тоглолтод “mzinho” 27 kill-тэйгээр багаа тэргүүлжээ.

Тус тэмцээний плей-офф аравдугаар сарын 20-ноос эхэлж, 23-ны өдөр өндөрлөнө. Багууд хасагдах хоёр боломжтой буюу double-elimination системээр өрсөлдөх бөгөөд тоглолтууд гурван map дээр цувралаар явагдана. Тэмцээний аварга 14 мянган ам.долларын шагнал хүртэх юм.
Л.Баяр





















































