
ОХУ-аас Европ руу байгалийн хий нийлүүлдэг Норд Стрим хоолойг 2022 онд дэлбэлсэн хэрэгтэй холбогдуулан Украины цэргийн алба хааж байсан иргэн К.Серги шүүх хурал аравдугаар сарын 14-нд Германы Хамбург хотод эхэллээ. Түүнийг уг ажиллагааг зохион байгуулсан гэж буруутгаж байгаа ч хэрэгт холбогдсон нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байна.
Германы прокуроруудын мэдээлснээр, Серги нь шумбагчид болон тэсрэх бодисын мэргэжилтнүүдээс бүрдсэн бүлгийг удирдан, Балтын тэнгисийн ёроолд байрлах хийн хоолойд дэлбэрэлт зохион байгуулсан хэрэгт сэжиглэгдэж байна. Тэрбээр Украины төрийн байгууллагуудын даалгавраар ажилласан байж болзошгүй гэж мөрдөн шалгах байгууллага үзэж байгаа юм. Харин Украины тал уг хэрэгт оролцсон гэх мэдэгдлийг няцааж ирсэн.
2022 оны есдүгээр сарын 26-нд болсон дэлбэрэлтийн улмаас Норд Стрим 1 болон Норд Стрим 2 хийн хоолойн дөрвөн шугамын гурав нь ноцтой гэмтэж, Балтын тэнгист их хэмжээний хий алдагдсан. Энэ үйл явдал Орос, Европын эрчим хүчний харилцаанд томоохон нөлөө үзүүлсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Серги К.-г 2025 онд Италид баривчилж, улмаар Германд шилжүүлэн өгчээ. Түүнд тэсрэх бодис ашигласан, байгууламж сүйтгэсэн, олон нийтийн үйлчилгээний үйл ажиллагааг саатуулсан болон иргэний объектод халдсантай холбоотой дайны гэмт хэрэгт хамтран оролцсон гэх зэрэг ял тулгажээ.
Шүүх хурал 2027 оны эхэн хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Энэ хэрэг нь дэлбэрэлтийн цаана хэн байсан, ажиллагааг хэн захиалсан талаарх маргааныг дахин хурцатгаж, Украиныг Европт хамгийн их дэмждэг орнуудын нэг болох Германы хувьд улс төр, дипломат сорилт болж байна.
Л.Баяр























































Сэтгэгдэл (1)