Шинэчлэлийн Засгийн газраас ирэх жилүүдэд баримтлах хөгжлийн бодлого, төлөвлөлт, шинэчлэлийн асуудлаар сайдууд хариуцсан салбар тус бүрээрээ олон нийтэд нээлттэй танилцуулж эхэлсэн. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар сэтгүүлчидтэй уулзаж нээлттэй ярилцлага хийсэн бол энэ удаад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Монгол Улсын эдийн засгийн шинэчлэлийн зорилтууд” сэдвээр мэдээлэл өглөө. Хөгжлийн бодлогыг нэгтгэн зангидах, нэг жилээр биш урт хугацааг харсан оновчтой төлөвлөлтийг өргөн хүрээг хамруулан хийх зорилгоор Эдийн засгийн хөгжлийн яам шинээр байгуулсан нь том алхам болсныг Н.Батбаяр сайд үгийнхээ эхэнд тодотголоо.Өнгөрсөн хугацаанд тус яам Монгол Улсын хөгжлийн ойрын болон дунд хугацааны төлөвлөлт гарган зарим асуудлаар Засгийн газрын шийдвэр гарсан. Улсын хөгжлийг урагшлуулахад чиглэсэн эхний томоохон шийдвэр бол Засгийн газраас “Чингис” бонд гаргаж, олон улсын зах зээлээс бага хүүтэй мөнгө босгосон явдал хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд онцоллоо. Бондын хөрөнгө нь төлөвлөсөн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг санхүүжүүлэх эх үүсвэр болохоос гадна дотоодын эдийн засгийг тогтворжуулж, дэлхий дахиныг хамарч буй хямралыг Монгол Улс тайван давах гол түлхүүр бол болсныг Н.Батбаяр сайд баримтаар тайлбарласан.
Мөнгөний хомсдлоос гаргах, зээлийн хүүг бууруулах, валютын ханшийг тогтвортой байлгах зэргээр эдийн засагт олон талын эерэг нөлөө үзүүлсэн “Чингис” бондын хүүд Монгол Улс их хэмжээний төлбөр төлж байгаа гэсэн таамаг ярианд ч Эдийн засгийн хөгжлийн сайд албан ёсны хариулт өгсөн юм. Одоогийн байдлаар бондын хөрөнгийг аль нэг төсөлд зарцуулж эхлээгүй байгаа бөгөөд энэ хугацаанд Монгол Улс хүүгийн төлбөрийн ямар ч дарамтад орохгүй, нэг ч төгрөг төлөхгүй байх зохицуулалт менежментийг Монголбанк хийснийг тэрбээр хэллээ.


















































