Польш улсад ажиллаж, амьдарч, сурч буй монголчууд, оюутан залуусын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог спортын наадмын 11 дэх удаагийн тэмцээнийг Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, Польш дахь Монголчуудын холбоо, Монгол оюутны холбоо хамтран Бохниа хотноо амжилттай зохион байгуулав.Спортын наадмыг сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, ширээний теннис, шатрын төрлүүдээр зохион байгуулсан бөгөөд нийт 17 багийн 164 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй багуудаас Вроцлав хотын “ФМ Монголия”, эмэгтэй багуудаас Варшав хотын “Андууд” баг нэгдүгээр байр эзэллээ. Гар бөмбөгийн тэмцээнд Краков хотын оюутан залуусын баг, хөлбөмбөгийн тэмцээнд Лодзь хотын залуучуудын баг түрүүлж тэмцээнийг хошуучиллаа.
Мөн ширээний теннисний тэмцээнд Краков хотын оюутан Г.Амгаланбаатар, шатрын тэмцээнд Вроцлав хотын оюутан Гангаа нар тэргүүлэв.

























































