Өршөөлийн хуулийг батлуулах уу, эс батлуулах уу гэдэг дээр улс төрч хийгээд хуульчид хоёр талцаад ч байх шиг. Зарим нэг нэр бүхий УИХ-ын гишүүд Өршөөлийн хуулийг энэ онд гаргах нь зөв гэж үзэж байхад Хууль зүйн яамныхан Өршөөлийн хуулиас илүүтэйгээр Гэмт хэргийн тухай хуулийг өргөн барьсан нь дээр гэж үзээд байгаа. Тиймээс ч тодорхой зөвшилцөлд хүрч чадахгүй байгаагаас энэ хоёр хууль хоёулаа гацчихаад байгаа гэхэд болно. Гагцхүү хууль санаачлагч, өргөн баригч, батлагчдыг ийн талцаж ашиг сонирхолоо бодож байхад юу болохыг харж суугаа ард иргэд хэцүүдээд ч байх шиг. Мэдээж Өршөөлийн хууль батлагдчихвал ханиа, үр хүүхдээ, хамаатан садан, найз нөхдөө гаргаж авахыг бодсон хүмүүс олон байгаа. Харин Эрүүгийн хууль батлагдчихвал цаашид шоронд хоригдоод байх нөхцөл буурна гэж дэмжиж байгаа хүмүүс ч цөөнгүй. Тиймээс ч аль альны нь чих тавин хэрхэх бол гэсээр санаа зовнин хүлээж суугаа. Хүлээж сууж чадахгүй зарим нь жагсаал, цуглааныг хүртэл зохион байгуулаад амжсан. Гэтэл дээрх хүмүүс талцаж, хувь хувийн “далд” ашиг сонирхолоо бодсоор. Гагцхүү ард нь иргэд хөлд нь чирэгдсээр суугаа нь нууц биш. Юутай ч Өршөөлийн хууль, Гэмт хэргийн хууль хоёр дээр ямар учраас талцаад байгааг ХЗЯ-ны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболдоос асууж тодруулсан юм.
Г.Оюунболд: Өршөөлийн хуулиас илүү Гэмт хэргийн хуулийг өргөн барих чухал-Өршөөлийн хуулийн талаар яригдаж байгаа зүйл байна уу?
-Өршөөл үзүүлэх тухай хуулийн тухайд Хууль зүйн яам санаачлаагүй. Харин УИХ-ын нэр бүхий 9 гишүүний санаачилсан хууль. Энэ хууль хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон гэж сонссон. Учир нь өргөн барьсан гишүүдээс жагсаалтанд оруулах талаар шаардаад байгаа гэж байсан. Хууль зүйн яамнаас энэ хуулийг гаргахад санал өгсөн. Тодруулбал, Хууль зүйн яамнаас Өршөөлийн хуулиар гэм буруутай нь тогтоогдоогүй хүмүүсийг өршөөж болохгүй гэсэн саналыг хүргүүлсэн. Учир нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хүн шалгаж байхад өршөөчихдөг. Гэтэл цаана нь нөгөө хүн хохирлоо төлөхгүй, ял завших байдалтай болчихдог. Өрөөр хэлбэл, хүний гэм бурууг шүүхээр шийдээгүй байхад шууд өршөөчихөөр олон сөрөг үр дагавар авчирна. Адаглаад цагдаагийн ажилчид ажлаа хийхээ больчихдог. Угаасаа миний шалгаж байгаа хэрэг өршөөлд орох юм байна гээд бодчихдог. Нөгөө шалгуулж байгаа хүн нь ч би үүнийг төлөхгүй байж болох юм байна гэж үздэг. Тиймээс тодорхой түвшний авлига, албан тушаалтны, мөрдөн байцаалтад яваа хэргүүдийг өршөөхгүй байх чухал.
-Өршөөл үзүүлэх хуулийг нийгэмд даяар хэлэлцүүлж болдоггүй юм уу?
-Болохгүй. Учир нь ийм өршөөл үзүүлэх хууль гарах нь гээд хүмүүс гэмт хэрэг үйлдэх хандлагатай. Өөрөөр хэлбэл, хөнгөн хэргүүдийг өршөөнө гэж үзээд гэмт хэрэг үйлдэж магадгүй шүү дээ. Тэгэхээр Хууль зүйн яам өөрөө бодлогын түвшинд ярих хэрэгтэй. Хоёрдугаарт, судалгаанд үндэслэх чухал. Тухайлбал, шоронд хэдэн хүн байгаа. Тэднээс хэд нь хүнд, хүндэвтэр, хөнгөн хэрэг үйлдсэн юм зэргийг судлах чухал. Энэ бүхнийг харж байж Өршөөл үзүүлэх хуулийг гаргах хэрэгтэй. УИХ-ын гишүүд бол хамгийн багадаа 2500-3000 хүн суллагдчихна гэсэн тооцоололтой байх шиг байсан. Гэхдээ Өршөөл үзүүлэх хууль гэхээс илүү бид Гэмт хэргийн тухай хуулиа өргөн барих чухал гэж үзээд байгаа. Учир нь гэмт хэргийн тухай хууль орвол Өршөөл үзүүлэх хуулиас дутахгүй 30 хувь нь хорих ял эдлэхгүйгээр суллагдах бололцоотой. Өөр төрлийн ялаар солих бололцоотой гэж харж байгаа.
-Ер нь Өршөөлийн хууль ойр ойрхон гарсан нь дээр үү?
-Сүүлийн арван жилийн дотор 3 Өршөөлийн хууль гараад одоо дөрөвдэхийн тухай ярьж байна. Гэтэл Өршөөлийн хууль арван жилд нэг удаа гарах ёстой байдаг. Өмнө наамдаар, ардын хувьсгалын ойгоор л гардаг байсан. Гэвч сүүлийн 20 жилд давтамж нь ойртсоор байгаад 2000 оноос хойш 2010 он хүртэл 3 болсон. Хамгийн сүүлд 2009 онд гаргачихаад дөрвөн жилийн дараа дахин Өршөөлийн хууль яриад сууж байна. Тэгэхээр Өршөөл үзүүлэх хуулиар ялын бодлогыг уг нь засдаг боловч Гэмт хэргийн эрүүгийн хууль өөрөө сайн бол Өршөөлийн хууль гаргах шаардлага байдаггүй. Шоронгоо дүүргэчихээд л дахиад өршөөл үзүүлэх талаар яриад байгаа нь буруу. Энэ асуудлыг Гэмт хэргийн тухай хуулиар ул суурьтай шийдэж өгөх л чухал.
Д.Дуулим



























































Сэтгэгдэл (40)