Монгол Улсад үүсээд байгаа ам.долларын ханшийн өсөлт нь бизнес эрхлэгчдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж тэдгээрийг гэрээний үүргээ биелүүлэхэд урьдчилан тооцоолох боломжгүй хүнд нөхцөл байдлыг үүсгэж цаашлаад их хэмжээний алдагдалд оруулах, дампууруулах аюултай нөхцөл байдлыг үүсгээд байна. Энэхүү нөхцөл байдал нь Засгийн газар, Монгол Банкны алдаатай бодлого, шууд буруутай үйлдлээс шалтгаалж бий болж байгаа боловч энэхүү нөхцөл байдлаа засаж залруулах, ханшийн өсөлтөөс бизнес нь хүнд байдалд ороод байгаа бизнес эрхлэгчдийг хамгаалах талаар ямар ч арга хэмжээ авахгүй өнөөг хүрлээ гэж МҮХАҮТ-аас мэдэгдлээ. Өнгөрсөн оны зургадугаар сарын 22-ны өдрөөс энэ оны хоёрдугаар cap хүртэл ам.доллар 1437-1747 төгрөг болож тасралтгүй өссөөр ирсэн.Валютын ханшийн тус өсөлттэй холбогдуулан Хүнд нөхцөл байдлын гэрчилгээг гаргуулахаар Монголын Үндсэний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд компани хувь хүмүүс маш их хандаж байгаа бөгөөд ам.долларын ханш цаашдаа ч зогсохгүй өсөх хандлагатай байгаа аж. Засгийн газар арга хэмжээ авахгүй байгаа учир МҮХАҮТанхим нийт бизнес эрхлэгчдийн нэрийн өмнөөс Монгол банк болон УИХ-д мэдэгдэл гаргахаар ажиллахаар болсон гэдгээ мэдэгдлээ.
Иймд бизнес эрхлэгчид валютын ханштай холбоотойгоор өөрийн компанид учирсан бодит хохирлын хэмжээ холбогдох материалын хамт МҮХАҮТ-т ирүүлж ирэх сарын 07-ны өдрийн 10.00 цагт МҮХАҮТ-ын 507 тоотод болох “ВАЛЮТЫН ХАНШИЙН ӨСӨЛТ БИЗНЕСТ НӨЛӨӨЛЖ БУЙ БАЙДАЛ” хэлэлцүүлэгт оролцон өөрсдийн санал бодлоо илэрхийлэн оролцохыг МҮХАҮТ-аас мэдэгджээ.
Т.Хулан


























































