Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос Монгол Улсын Шүүгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталлаа. Уг ёс зүйн дүрмийг нийт шүүгчдээр хэлэлцүүлж, хуульчдын өөрөө удирдах ёсны болон холбогдох бусад байгууллагуудаас саналыг авсны эцэст Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны нийт гишүүдийн санал хураалтаар шийдвэрлэсэн юм.Санал хураалтад оролцсон шүүгчдийн 97.3 хувь нь шинэ ёс зүйн дүрмийг дэмжсэн болохыг Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар баталгаажуулсан байна.
Шинэ ёс зүйн дүрэм ирэх сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд уг дүрэмд нийгэм, олон нийтийн зүгээс шүүх, шүүгчид тавигдаж буй өндөр шаардлага, итгэл хүлээлтийг тусгасан ажээ.
Иймд нийт шүүгчид шинэ ёс зүйн дүрмээ сайтар судалж, өдөр тутмын ажил амьдралдаа ягштал мөрдөж ажиллахыг уриалж байна.
Түүнчлэн шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар нийт шүүхүүд өөрсдийн мэдээллийн самбар, цахим хуудсанд байршуулж танилцуулахыг зөвлөж байна.
Д.Ундрах /24tsag.mn/


























































