Хууль зүйн яамны дэмжлэгээр “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд" ТББ-аас санаачлан “Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг” аяныг орон даяар өрнүүлж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан энэ сарын 5,6-ны өдрүүдэд хоёр томоохон арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Дэлхийн олон оронд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох түүнд олон нийтийн анхаарлыг хандуулах охид эмэгтэйчүүдэд ээлтэй орчныг бүрдүүлэхийн төлөөх “TAKE BACK THE NIGHT” уриалгын дор “ШӨНИЙГ ГЭРЭЛТҮҮЛЬЕ” тайван жагсаалыг хийдэг билээ.
Үүний нэгэн адилаар манай охид, бүсгүйчүүд тайван жагсаалыг маргааш орой гэр хорооллын гудамжинд хийхээр болжээ.
Тиймээс эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, шөнийн харанхуйг гэрэлтүүлж, гартаа гэрэл гаргах юу байна түүнийгээ бариад тайван жагсаалд нэгдэхийг зохион байгуулагч талаас уриаллаа. Жагсаалыг нийслэлийн хүн ам ихтэй гэвч гэрэл гэгээ багатай Их нарангийн дунд буудал, Мал тууврын долдугаар гудамж дагуу хийх аж. Жагсаалд оролцохыг хүсэгчдэд зориулж Төрийн ордны баруун талд байрлах Хууль зүйн хүрээлэнгийн зогсоолоос 18:30 цагт автобус хөдлөх юм байна.
Т.Хулан


























































