Чөлөөт бөхийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Манай улс энэхүү нэр хүндтэй тэмцээнийг анх удаа зохион байгуулсан бөгөөд тэмцээнд Азийн 14 орны залуу бөхчүүд өрсөлдсөн юм. Нутагтаа зохион байгуулсан уг тэмцээнд манай эмэгтэй тамирчид урамтай сайхан барилдаж багаараа тэргүүн байр эзэлсэн.
Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд барилдсан А.Батцэцэг гурван барилдаанд өрсөлдөгчдөө илүүрхэж, түрүүлэн Азийн өсвөрийн төдийгүй залуучуудын аварга гэдэг цолны эзэн болов. Тэрбээр энэ жил дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.
Харин 63 кг-ын жинд барилдсан Б.Нямгэрэл мөнгөн медаль энгэртээ зүүсэн ч багш нар нь баруун гараараа уургалж барьж болохгүй гэж олонтаа анхааруулсаар байтал мөн барьцыг авч дөрвөн онооны илүү явсан ч Казахстаны бөхийн дархан мэхэнд орж мушгиулж цэвэр ялагдан үзэгчид, дасгалжуулагч нарынхаа сэтгэлийг гонсойлгов.
72 кг-ын жинд зодоглосон П.Номин-Эрдэнэ хоёрдугаар тойрогт Японы бөхөөс бяр тэнхээгээр илүү байсан ч бэргэн хойш сууж барилдаанаа гаргаж чадахгүй, ялагдсан ч хүрэл медалийн төлөө барилдаанд өрсөлдөгчөө илүүрхэн хожиж Азийн өсвөрийн аваргын хүрэл медалиа Залуучуудын аваргын хүрлээр баяжууллаа.
24tsag.mn
























































