-
2017 оны 1 сарын 06
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүлсэн. Энэхүү шийдвэрийн дагуу энэ сарын 7-нд буюу ирэх бямба гарагт бүх нийтээр ажиллах юм.
Үүний дагуу маргааш бүх нийтээр ажиллах учир 0 болон 5-аар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй гэсэн мэдээлэл хэвлэл, мэдээллээр цацагдсан. Тэгвэл нэгдүгээр сарын 07-ны өдөр замын хөдөлгөөнд оролцох автомашиныг дугаараар нь хязгаарлахгүй гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдэгдлээ.
-
2017 оны 1 сарын 06
Өнөөдөр 21:00 цагаас маргааш өглөөний 07:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 396-р км-ын гарам буюу Таван шарын төмөр замын гармаар нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хаахаар болжээ.
Дээрх хугацаанд зураглалын дагуу урдаас хойш чиглэлийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээнд оруулж зохицуулалт хийгдэх аж. Иймд жолооч та БГД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэр ТЭЦ-4 “Эрчим хүчний гудамж”-аар зорчихийг Замын Цагдаагийн Албанаас зөвлөлөө.
-
2017 оны 1 сарын 06
Нийслэлийн эрүүл мэндийн газар, “Монголын эрүүл мэндийн үүсгэл” (MHI) НҮТББ хамтран нийслэлийн хүн амын, ялангуяа хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн “Сүрьеэгүй Улаанбаатар хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, MHI байгууллагын үүсгэн байгуулагч, Харвардын их сургуулийн дэд профессор Д.Ганмаа нар хамтын ажиллагааны гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа.
Хөтөлбөрийн хүрээнд сүрьеэгийн идэвхитэй илрүүлэлт хийхээс гадна насанд хүрэгчид, өсвөр үе, хүүхдийн сүрьеэтэй тэмцэхэд чиглэсэн сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулах, эрсдэлт бүлгийн хүүхдэд болон тэдэнтэй ажилладаг багш, сурган хүмүүжүүлэгч, эмч, сувилагч болон нийтийн үйлчилгээний ажилтнуудын дунд өвчний эрт илрүүлэг, үзлэгийг зохион байгуулах, сүрьеэгийн талаар сургалт сурталчилгааг хийж, өвчний эрсдлийг олон нийтэд таниулах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Дашрамд дуулгахад МУГЖ, соёлын элч Д.Алтанхуяг “Сүрьеэгүй Улаанбаатар хот” хөтөлбөрийн элч төлөөлөгчөөр ажиллахаар болжээ.
ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс сүрьеэгийн тархалт, сүрьеэгийн өвчлөлөөс шалтгаалсан нас баралт ихтэй Номхон далайн баруун бүсийн долоон орны тоонд багтаж байгаа. Мөн шинээр илэрч байгаа сүрьеэгийн тохиолдлын 70 хувийг 16-44 насныхан эзэлж байгаа бөгөөд өвчлөлийн дийлэнх хувь нь Улаанбаатар хотод тохиолдож байгаа юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байгаа нь олны сэтгэлийг ихээр түгшээх боллоо. 2016 оны арван нэгдүгээр сарын байдлаар шинэ тохиолдол 2,249 бүртгэгдсэнээс 10,000 хүн амд хүүхдийн сүрьеэгийн өвчлөл 9-10 хувийг нь эзэлжээ.
Тус хөтөлбөрийг санаачилсан MHI байгууллага нь Улаанбаатар хотын 6-13 насны 9147 хүүхдэд сүрьеэгийн халдварыг цусанд тодорхойлох олон улсын стандарт IGRA шинжилгээг хийсэн байна. Судалгааны урьдчилсан дүнгээр нэг хүн сүрьеэгээр өвдөхөд түүний гэр бүлийн гишүүдийн халдвар авах эрсдэл дөрөв дахин, дам тамхидалттай орчинд амьдардаг хүүхдүүдийн сүрьеэ өвчнөөр өвдөх магадлал 40 хувиар тус, тус нэмэгддэг болох нь нотлогджээ. Сүрьеэгийн тархалт өндөр байгаа нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол ядмаг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ муу байгаатай холбоотойгоос гадна агаарын бохирдол, тоосжилт, хүнс тэжээл аминдэмийн дутагдал зэрэгтэй шууд холбоотой юм.
Тиймээс амьсгалж буй хэн бүхэнд хамаатай энэхүү өвчинтэй нэг байгууллага бус нийтээрээ идэвхитэй тэмцэх нь чухал болоод байна. Харвардын анагаах ухааны сургууль сүрьеэ өвчинтэй тэмцэх тэмцлийг шинэ шатанд гаргаж, далд халдварыг илрүүлж эмчилснээр сүрьеэ өвчнийг “тэглэх” хөтөлбөрийг боловсруулан 2016-2020 оны хооронд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна. MHI байгууллагын хувьд ч, энэхүү тэмцлийн хүрээнд Улаанбаатар хотод сүрьеэгийн халдварыг илрүүлдэг IGRA шинжилгээг нутагшуулахаар ажиллаж байгаа аж.
-
2017 оны 1 сарын 06
Увс аймгийн Давст сумын нутаг “Шүдэн уул” гэдэг газар Давсны уурхайгаас давс ачаад буцаж явсан автомашин хиймэл нууранд цөмөрч, орсон тухай дуудлага 2017 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгаар ахлуулсан албан хаагчид ажиллаж, нэгдүгээр сарын 05-ны шөнө автомашиныг нуурнаас гаргаж, эзэнд нь хүлээлгэн өглөө.
Тус автомашин хиймэл нууранд эргээс 10 метрийн зайд, гурван метрийн гүнд цөмөрч орсон байсан юм гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
01-06 увс-101-06 увс01-06 увс-201-06 увс-3
-
2017 оны 1 сарын 06
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Цагдаагийн Ерөнхий Газрын даргаар томилогдсон Ө.Энхтөрд тэргүүн комиссар цол гардуулав.
-
2017 оны 1 сарын 06
Хүйтний улиралтай зэрэгцээд агаарын бохирдол эрс нэмэгдэж, амьсгалын замын халдварт өвчлөлийн тархалт улам бүр ихсэх хандлагатай болж байгаа.
-
2017 оны 1 сарын 06
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо/UWW/ 2017 оны эхний чансааг зарлажээ. Тус чансааны жин тус бүрийн дэлхийн шилдэг 20 тамирчны жагсаалтад Монголын эрэгтэй тав, эмэгтэй зургаан бөх эрэмбэлэгджээ. Тодруулбал, Эрэгтэйчүүдээс
57 кг-д Э.Бэхбаяр-15,
61 кг-д Т.Түвшинтулга-14,
65 кг-д Г.Мандахнаран-5,
74 кг-д П.Өнөрбат-12,
86 кг-д О.Үйтүмэн-17
Харин эмэгтэйчүүдээс
55 кг-д Д.Отгонцэцэг-13,
58 кг-д П.Орхон-7, Б.Шоовдор-20,
60 кг-д С.Цэрэнчимэд-9,
63 кг-д С.Батцэцэг-10,
69 кг-д О.Насанбурмаа 9 байрт тус тус эрэмбэлэгджээ.
-
2017 оны 1 сарын 06
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдолын төлбөр, авто зам ашигласны төлбөр хурааж эхэлсэнтэй холбогдуулан тус ажлыг зохион байгуулах үүрэг бүхий комисс өнөөдөр хуралдлаа. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан уг комисст Авто тээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба, Замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төвийн удирдлага мөн нийслэл, дүүргүүдийн татварын газрын дарга нар ордог байна.
-
2017 оны 1 сарын 06
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтын ажлын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлож байсан ААН-үүдээс захиргааны журмаар хураан авсан 923.26 сорьцтой 482.3 грамм алтыг Монголбанкны Эрдэнэсийн санд хүлээлгэн өгчээ.
-
2017 оны 1 сарын 06
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
-
2017 оны 1 сарын 06
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 16-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн малчин Б-н 32 хонинд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн. Өвчилсөн малаас дээж авч шинжлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон тул сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон билээ.
Тэрбээр хорио цээрийн дэглэмийн хугацаанд дахин өвчлөл гараагүй тул энэ сарын 04-нд сумын Засаг даргын захирамжаар цуцалсан байна.
-
2017 оны 1 сарын 06
Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогтын бүрэн эрхийн хугацаа дуусч, түүний оронд Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатарыг томилсон.
-
2017 оны 1 сарын 06
Залтиргаа, гулгаа үүссэн зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй зуслангийн замуудыг цэвэрлэжээ.
-
2017 оны 1 сарын 06
Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа арванхоёрдугаар сарын 25-нд Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд амжилттай авиралт хийсэн. Тэрбээр 2016 оны 12 дугаар сарын 30-нд Антарктидын Юнион Глетчер-ээс ИЛ-76 онгоцоор хөөрч Чилийн Пунта Аренас хотод хүрэлцэн ирсэн билээ.
Тэрбээр эх орондоо маргааш ирэх гэж байна. Ирсэн даруйдаа маргааш 12.30 цагт Спортын төв ордны хурлын танхимд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзалт хийх аж.
-
2017 оны 1 сарын 06
Өчигдөр улсын хэмжээнд иргэд, байгууллагаас нийт 1619 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 76, зөрчлийн 1253, согтуугийн 473, зам тээврийн ослын 254, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 39 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, Сүхбаатар аймаг: “Дарьганга сумын “Эрээн толгой” гэх газар “Hummer H-3” автомашин онхолдож жолооч Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьят Б /эр.32н/, зорчигч Даланзадгад сумын харьят Б /эр.38н/ нар нас барсан” гэсэн мэдээллийг 01-р сарын 05-нд авч шалгаж байна.
СБД: “Улаанбаатар зочид буудал”-ын орчимд 01-р сарын 05-ны 18:30-д ХУД-11 хороонд суух Ш /эр.44н/-ийн халааснаасаа “Samsung galaxy S-3” гар утсыг БЗД-4 хороонд суух М /эр.23н/ гэгч хулгайлсаныг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлсэн хэргийг шалгаж байна
БЗД: 13 “14-р сургуулийн хойно байрлах ТҮЦ-ийг 01-р сарын 05-ны өдөр 16:00 цагийн үед “Нийслэлийн засаг даргын А/863 тоот захирамж”-ийн дагуу албадан нүүлгэх үед БЗД-14 хороонд суух Д /эр.44н/-нь Дүүргийн газрын албаны даамал БЗД-28 хороонд суух О /эр.37н/-ыг зодож танхайрсаныг БЗДЦХ-1 шалгаж байна.
-
2017 оны 1 сарын 06
НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Шинэчилсэн журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр дараах байдлаар зохицуулалт хийсэн юм. Үүнд:
1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард,
2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард,
3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард,
4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард,
5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөх юм.
-
2017 оны 1 сарын 06
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийнхэн нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхантай өнөөдөр уулзлаа.
Уулзалтын эхэнд НИТХ дахь МАН-ын бүлгийн Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийнхэн зүгээс “Бид агаарын бохирдлын нөхцөл байдал та бүхний өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцлаа. Энэ бүхнээс үзвэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд тодорхой хугацаанд тууштай бөгөөд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд, ард иргэд, хувийн хэвшлийнхний оролцоо, дэмжлэг ихээхэн чухал байна” гэж хэлээд зарчмын зарим саналыг нийслэлийн удирдлагуудад гаргаж буйгаа дурдлаа.
агаарын бохирдлын нөхцөл байдал болон өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцсанаа дурдаад ажлын хэсгийнхэн цаашид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд тодорхой хугацаанд тууштай бөгөөд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх, ингэхдээ иргэд, хувийн хэвшлийнхний оролцоог нэмэгдүүлж тэдний дэмжлэгийг авах зэрэг зарчмын хэд хэдэн саналыг нийслэлийн удирдлагуудад гаргаж буйгаа дурдлаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Агаарын бохирдлыг бууруулах асуудалд нийслэлийн удирдлагын шинэ баг онцгой анхааран ажиллаж, судалгаа хийж, ирэх жилүүдэд хийх ажлаа төлөвлөсөн. Өнгөрсөн жилүүдэд 190 гаруй тэрбум төгрөг улсын хэмжээнд зарцуулсан эдийн засгийн тооцоо бий. Харамсалтай нь төсөл хөтөлбөрийн үр дүн муу байгаа нь өнөөдөр бидний нүдэнд ил тод харагдаж байна. Тиймээс бид шат дараалсан арга хэмжээнүүд авч байгаа. Төсөв хөрөнгөө зөв хуваарилж, иргэдтэйгээ хамтдаа агаарын бохирдлыг бууруулах ажлыг хийх, гаднах агаараас гадна дотоод орчны агаарыг цэвэр байлгах асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ дагуу Дэлхийн банктай хамтарч гэр хорооллын бүсийн 200 гаруй цэцэрлэгийн анги, танхимд дотоод агаарыг цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулсан. Иргэдийг агаарын бохирдлоос сэргийлэх үүднээс хувийн хэвшил болон нийслэлийн эрүүл мэндийн газартайгаа хамтарч ажиллаж байгаа. 2017 оны төсөвт агаарын бохирдол бууруулах ажилд нийслэлийн төсөвт 3.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Улсын төсөвт 5 тэрбум төгрөг суусан. Энэ нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад бага төсөв ч гэлээ бид бүхэн байгаа боломжоо ашиглан бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна. Агаарын бохирдлын талаар зөвхөн өвлийн хэдэн сар яриад өнгөрөх биш жилийн 4 улирлын турш үргэлжлүүлэн ажиллаж, түүнтэй тэмцэх болно” хэмээн хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 06
Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын татвараас чөлөөлөгдөнө.
-
2017 оны 1 сарын 06
Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэн шинэ жилийн баяраар иргэд дөрөв хоног дарааллан амарсан билээ.
-
2017 оны 1 сарын 05
Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 17 аймгийн 127 сум, нийслэлийн 2 дүүрэгт өвөлжилт хүндэрсэн.