Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-ны орой 23.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах 13 дугаар байрны долоон давхраас эмэгтэй хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Уг хэрэгт талийгаач эмэгтэйн нөхөр Т.Дарханчулууныг бусдыг амиа хорлоход хүргэсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлд хэрэг үүсгэн шалгаж байсан ч Прокурорын газраас амиа хорлолт хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон юм.
Тэгвэл өнөөдөр талийгч эмэгтэйн ар гэрийнхэн түүний нөхөр Т.Дарханчулууныг эхнэрээ санаатайгаар түлхэж амь насыг нь хохироосон байж болзошгүй бөгөөд хуулийнхан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ хэмээн хэвлэлийнхэнд хандлаа.
Талийгаачийн ар гэрийнхний мэдээлснээр задлан шинжилгээний дүгнэлтээр талийгч амьд байхдаа авсан шинэ хөхрөлт няцралтууд, өндрөөс унах үед урагдах боломжгүй зулгаалт, хөхний даруулгын урагдалттай гэж гарсан аж. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэрэглээгүй нь шинжилгээгээр тогтоогджээ. Мөн түүний том хүү мөрдөн байцаалтын явцад "Аав ээж хоёр хэрэлдээд байсан. Ээж үхнэ гэж хэлэхэд, Аав "Чи ингээд үх гээд балкон онгойлгосон" гэж мэдүүлсэн байдаг байна.
Хохирогчийн эгч Г.Цэцэгмаа "Т.Дарханчулуун миний дүүтэй амьдарснаас хойш зоддог байсан учраас дүү минь салах өргөдлөө шүүхэд өгч байсан. Төрөөд удаагүй нялх биетэй байхад нь эмнэлэг дээр согтуу хүүхэн дагуулан очиж доромжилж байсан удаатай. Миний дүү зөөлөн зантай, аливаад тэвчээртэй бүх зүйлийг болгож бүтээхийн төлөө явдаг байсан. Амиа хорлох хүн биш" хэмээв.
Д.Ундрах
www.24tsag.mn
Сэтгэгдэл (3)