
Уг гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хэлэлцэж, нэмж шалгах хэд хэдэн зүйл бий гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Хуралд шүүгчээр Б.Бат-Эрдэнэ оролцов. Түүнийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 8-нд Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн тухай тусгай хуулийн 99.1, 91.2.1, 91.2.3, 91.2.6, 91.2.7, 91.2.8, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 153.1, 112.2, 112.2.3, 112.2.4, 112.2.5, 112.2.6, 112.7, 112.2.8, гэсэн 18 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, цаазын ял оноосон билээ.
Хэргийг сануулбал, Тэрээр өнгөрсөн оны зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад хадам ээжээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалан, хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээжээ. Хэргийн газар хөдөлгөөнт эргүүлийнхнийг очиход Д.Энхээ нь хадам эх 45 настай Б-гийн амийг мэсээр хөнөөж, хадам эцэг Б, түүний хүү Ц, эмэг эх 85 настай Б нарыг мэсээр хүнд, хөнгөн гэмтээсэн байдалтай байсан аж. Түүнчлэн эхнэр, дөрвөн настай охин, эхнэрийнхээ дүүг барьцаалж, аминд нь заналхийлсэн байна. Улмаар цагдаа нараас машин, сумтай буу шаарджээ. Түүний үйлдлийг зогсоохоор Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Тусгай ангийн хоёрдугаар тасгийн албан хаагчид шуурхай ажиллан, барьцаалагдсан хүмүүсийг сулласан юм. Харин тэрээр мөрдөн байцаалтын явцад “Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж, эхнэртэйгээ муудалцаад байсан. Эхнэр хүүхэд дагуулаад хадмынд очсон. Тэгээд эхнэртэйгээ уулзахаар хадмынд очсон боловч хадам ээж уулзуулаагүй. Тиймээс дээрх хэргийг үйлдсэн” гэж мэдүүлж байсан юм.
Б.Чимэг