
МАХН-ын дарга Н.Энхбаяр “2008 оны сонгуулийн булхай луйвартай болсноос үүдэж, долдугаар сарын 1-ний үйл явдал болсон. Иймд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, 2008 оны долдугаар сарын 3-ны өдөр олон намын дарга нартай хийсэн хурлын протоколыг бүрэн эхээр нь олон нийтэд хүргэж байна. Энэхүү протоколыг олон нийтэд дэлгэснээр уг асуудлыг талууд судалж, шүүх бүрэлдэхүүний хувьд зөв шударга шийдвэр гаргах бололцоотой болно. Нөгөө талаасаа шүүх хуралдаанд оролцож байгаа хохирогч, өмгөөлөгч, яллагдагч нарын хувьд мэдээлэл нь бүрэн дүүрэн болно гэж үзэж байна. Мөн хэргийн гол буруутан болох улстөрчид, улстөрийн намууд нь хэргээс мултарчихаад, олон нийтийн анхаарлыг зөвхөн өмгөөлөгч нарыг баривчилж байгаа үйл явдал руу чиглүүлж, хэрэг явдлаас цэвэрхэн бултах арга саам эрэлхийлж байна. Иймд хаана хаанаа алдаа дутагдлаа ойлгож, хүлээн зөвшөөрч ахин ийм алдаа завхрал гаргахгүй байх нөхцлийг хамтдаа бий болгоё” гэлээ. Тус протоколыг цувралаар хүргэх болно.
Энэ удаад Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайханы хэлсэн үгнээс нийтэлж байна.
Б.ЖАРГАЛСАИХАН: -Тэгэхээр манай нам, гурван нам байсан юм. Үндэсний ардчилсан нам, Эх орон нам, Бүгд найрамдах нам, Иргэний хөдөлгөөн энэ сонгууль шударга биш явагдлаа. Ийм учраас сонгуулийн шударга биш явагдаж байгаа байдлыг таслан зогсоож, энэ сонгуулийг дахин зарлаж хийлгэх, эсвэл энэ шударга бус үйл ажлыг дахиж илрүүлж гаргаж ирж тавья, сонгуулиа шударга болгоё гэдэг ийм асуудал тавиад, бид тайван замаар жагсаал хийж, шаардлага тавья гэдэг ийм хэлцлийг хийсэн юм.
Тэгээд бид дэмжигчдээ нэгдүгээр хорооллоос цуглуулж, тэндээс алхаж ирж, Сүхбаатарын талбай, МАХН-ын байранд ирсэн. Замдаа Сонгуулийн ерөнхий хороонд ер нь сонгуулийн явцад маш олон шаардлага тавьсан боловч бүр санаатайгаар нэгийг нь ч авч хэлэлцээгүй, шийдээгүй. Энэ шударга бус байдлыг бид сүүлдээ аргаа бараад МАХН-д энэ шаардлагыг тавья. Энэ сонгуулийн маргаан, будлиан, булхайг таслан зогсоогооч ээ гэсэн. Ингээд дөрөв хагаст /16.30 цагт/ албан ёсоор бид цуглаанаа дуусгасан. Тэндээс би цагаан хоолойгоор албан ёсоор зарлаж хэлээд, залуучуудыг чулуу, элдэв юм шидэж болохгүй, одоо ингээд тарцгаая, МАХН-ын байранд цагдаагийн ажилтнуудтай орсон. Тэнд орж үүдэнд нь жаахан зогсож байгаад, МАХН-ын Даш-Ёндон гуайтай тааралдаж, тэнд жаахан ярьж зогсож байгаад тэгээд тэндээс гарч ирээд "За залуучууд аа, МАХН-ын байранд хэн ч алга аа. Бүгдээрээ шаардлагаа маргааш тавина. Өнөөдөр бүгдээрээ талбайд очиж цугларъя" гэсэн. Бараг тэнд шоудахаар шахуу юм яриад, би цагдаагийн ажилтнуудыг гуйж өөрийнхөө баазаас машин татаад, тайз, хөгжим талбай руу гуйж байж татаж оруулсан. Талбай дээрх арга хэмжээний зөвшөөрлийг дүүргийн засаг захиргаанд бид өдөр нь өгчихсөн байсан.
Бид дөрөв хагаст /16.30 цагт/ албан ажлаа дуусгаад, талбайд жаахан байж байгаад тэнд "Энэ асуудлыг одоо ингээд дуусгая". Тэр үед Элбэгдорж гарч ирээд ярина билээ. "Залуучуудыг ингээд тарцгаая. Би Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай энэ асуудлыг зөвшилцөнө, утсаар ярьчихлаа" гээд зарлаж байхыг нь би сонссон. Тэнд болсон юмыг нь би одоо өөрийнхөө сонссон, үзсэнээрээ л ярьж байна, ний нуугүй ярихад бол. За, ингээд би машин тэргээ тэндээс бүгдийг нь гаргаж холдуулж эхэлсэн. Яагаад? гэхээр нэлээн олон иргэд халамцуу харагдана лээ. Ер нь залуучууд сонгуулийн үр дүнд урьд хоёр шөнө маш дундуур байсан шүү дээ. "Ерөөсөө залуучуудад бол энэ арай дэндлээ гэсэн уур амьсгал бол энэ янзаараа бол сонгууль дуусахад Хувьсгалт нам 60 суудал авах гэж байна цаана чинь бараг" гэсэн яриа газар авчихсан байсан.
Тэгээд тэр урд хоёр, гурван өдөр бэлтгэчихсэн залуучууд маань нэлээн их сэтгэлийн хөдөлгөөнтэй тэр талбай дээр цугларсан харагдсан, ер нь бол тэнд байж байгаа уур амьсгал бол. Тэгэхдээ харамсалтай нь бид ингээд энэ ажлыг тараагаад явахад хэн харин үүнийг цааш нь ингээд үргэлжлүүлэх вэ? Хэн үүнийг ингэж галдан шатаах ажил болгож хувиргав? ерөөсөө.
Энэ террорист үйл ажиллагааг хэн цааш нь хийсэн юм бол? Тэр Ардчилсан нам нь далдуур хийсэн юм уу? Би өчигдөр Улсын Их Хурал дээр сонслоо шүү дээ. Хувьсгалт намынхан бол Ардчилсан намыг хийчихсэн гээд л байна билээ. Эсвэл Хувьсгалт намынхан зориуд үүнийг өдөөн хатгаж, өөрсдийгөө өрөвдүүлэх сэтгэлгээ нийгэмд төрүүлж, өөрсдийнхөө илүү оноо авсан тэр юмыг баталгаажуулах оролдлого байсан юм уу? Би үүнийг бол ойлгохгүй байгаа юм. Энэ яагаад ийм юм болсон бол? Урьд нь бид нар цуглаан, жагсаал хийгээд болдог л байсан шүү дээ нийтээрээ. Аль нь ч, Хувьсгалт нам ч хийдэг л байсан, Ардчилсан нам ч хийдэг л байсан, олон нийтийн хөдөлгөөнийхөн ч хийдэг байсан. Энэ бол урьд өмнө хэзээ ч байгаагүй, бүр магадгүй эсхүл гаднаас орж ирсэн захиалгатай ийм ажил болов уу. Үүнийг л одоо манай энэ Засгийн газар маш үнэн, шударга энийг гаргаж ирэх хэрэгтэй байна. Тэгээд хоёр намууд одоо бие бие рүүгээ чихээд, энэ ард түмнийг улам оролцуулаад л, одоо бол гадуур хоёр хуваагдчихсан л яриад байна. Ерөөсөө Хувьсгалт намынхан энийг өөрсдөө хийсэн л гэнэ, нэг хэсэг нь Ардчилсан намынхан хийчихлээ л гэж ярьж байна.
За, энэ дээр бол харин тэр хөдөлгөөний залуучууд бол үнэхээр энэ асуудалд бол би оролцоогүй байх гэж бодож байгаа юм. Яагаад? гэхээр би дөрөв хагаст МАХН-ын байрнаас албан ёсоор тэр залуучуудыг аваад гараад явсан. Дараа нь Магнайг бол Сүхбаатарын талбайгаас цагаан хоолойтой машинд суулгаад "за одоо үлдсэн залуучуудыг нь очоод аваад ир ээ" гэсэн. Тэгсэн харин Магнайг бол толгойг нь чулуугаар цохисон байсан, машиных нь шилийг хагалсан байсан. Магнайг "чи муу урвагч, ухарлаа" гээд тийм асуудал гарсан. Ийм учраас тэр залуучууд бол энэ дээр нэг их асуудал болоогүй байх аа гэж би дотроо таамаглаж байгаа юм. Зүгээр нарийн учрыг нь тэр цагдаа.
Ер нь бол энэ залуучуудын бухимдал их байсан. Энэ бухимдлын шалтгаан юу вэ, сонгууль маш шударгагүй явлаа шүү дээ, ерөөсөө доогуур бол. Тэгээд ч 21 хоногийн дотор 130 мянган хүнд хүрч ажиллана гэдэг үнэхээр хүнд байсан. Маш их шороотой, дараа нь бороо орсон, маш их хэмжээний мөнгө тараагдсан, тойрог дээр машин, машинаар архи аваачиж тарааж байна.
За дараа нь сонгуулийн үр дүнг цэвэр булхайцсан шүү дээ. Сүүлдээ бүр захиалгаар "за, за Оюуныг байжээ байжээ, за, за Оюуныг гаргачих, Жаргалсайханыг аваад хаячих", нэгд байсныг шууд арав дээр бичээд л ний нуугүй ярихад бид нар бас өөрөө багцаалж байгаа. Тийм учраас энэ сонгуулийн үр дүнг ямар ч байсан Бүгд найрамдах нам хүлээн зөвшөөрөхгүй, одоо тэгээд зөвшөөрөхгүй гээд хэнд харьцах юм? Хандах хүн алга байна шүү дээ. Тойргийн, сонгуулийн ерөнхий хороон дээр очоод нэмэр нь алга байна. Өргөдөл бичээд, гомдоод яах юм бэ? "Өө мэдэхгүй, хэсгийн хороон дээрээ оч. Бид нар мэдэхгүй, хуулийнхаа дагуу" ямар ч хариулт байхгүй тэнд ерөөсөө.
Тэгээд одоо аргаа бараад би энэ Ерөнхийлөгчийг ер нь өөрийнхөө дэргэд та ийм ажлын хэсэг байгуулаад энэ сонгуулийг үнэн зөв болгож өгөөч ээ, энэ асуудлыг шийдэж өгөөч, та Монгол Улсын ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч байна. Би бол энэ намуудад бол итгэхгүй байна. Тэр хэсгийн хороон дээр ажиллаж байгаа хороо, дүүргийн засаг захиргаанд бол. Үнэхээр бүр дэндүү цадигаа алдчихсан юм байна лээ. Айж эмээж, ичих ч юм байхгүй болчихсон байна лээ. Тэгээд энэ сонгуулийг дахин хийх үү, нэг эсвэл одоо сонгуулийг энэ юу яасан тойргууд дээр дахих уу? Тэгээд үүнийг дахихын тулд эхлээд бид үнэхээр тэнд хударгагүй юм болсон уу, үгүй юу? гэдгийг бүр ажлын хэсэг гаргаж байгаад шалгаад, тогтоомоор байна. Тэр дор чинь бүр анархи байдал газар авчихаад байна. Хэний ч үгийг авдаггүй. Бид шалгалт хийгээд 1500 саналын хуудас олсон. Тэгсэн чинь "би нойрмог, урьд шөнө унтаагүй, тэгээд үүнийг ингээд буруу тоолчихжээ" гээд нэг авгай уйлаад сууж байгаа юм. Тэгээд сейфэнд нь хийлгэсэн. Мэдээж түүнийг сейфнээс нь аваад одоо солиод тавьчихаа биз, ойлгомжтой шүү дээ. Тэгээд ийм ийм юм болсон юм аа.
Тэгээд хамгийн гол нь тэр энэ гадаа, МАХН-ын байр, энэ юмыг галдан шатаасан нь хэн юм бэ? Бид бол албан ёсоор дөрөв хагаст /16.30 цагт/ цуглаанаа дуусгасан шүү дээ, албан ёсоор. Урьд өмнө хийж болоод байсан. Энэ чинь Үндсэн хуулиар олгогдсон эрхээ л эдэлж байна. Бид аргагүйн эрхэнд өөрийнхөө шаардлагыг л тавьсан. Түүнээс галдчихна гэдэг шаардлага тавиагүй. Харин үүнийг цааш нь хэн үргэлжлүүлээд, ийм терроризм болгосон юм бэ?
Тэгээд одоо энэ телевиз, радиогоор нэг талын л юм яваад байна. Ерөөсөө хараад байхад л. Энэ телевизийг бол бид нийгмийн амгалан байдлыг тогтоох гэж уг нь хаасан шүү дээ. Гэтэл үүнийг нэг талын сурталчилгаа болгоод ашиглаад байна шүү дээ, өчигдөр, өнөөдөр хоёр бол. Үүнийгээ болих хэрэгтэй байна шүү дээ. Тэгвэл одоо юу болох гэж байна вэ? гэхээр хоёр хоногийн дараа бүх телевизүүд нээгдэхээр энэ бүх намууд, улс төрийн хөдөлгөөнийхөн гараад бүх телевизээр яриад эхэлнэ шүү дээ.
Тэгэхээр энэ чинь дахиад нөгөө зөрчилдөөнийг дуудаж байгаа хэрэг шүү дээ. Тэгээд ийм байдлаар бид нар цаашдаа, ер нь энэ нийгэм бол дэндүү их ядуу байна, залуучууд ажилгүй байна, хүмүүжилгүй байна, архидан согтуурал улс орон даяар кампаничлагдсан бүр арга хэмжээ болчихсон байна. Энэ байдал бид нарыг ийм юманд хүргэж байна гэдгийг бол улс төрийн дүгнэлтүүд намууд бас гаргамааргүй байна. Зүгээр нэг ганц ийм нэг байшин шатаасан гэдэг дүгнэлт биш, цаадах уг ёзоорыг нь, суурийг нь гаргаж ирмээр байна шүү дээ. Ийм л юм хэлэх гэсэн юм аа. Ингээд баярлалаа.
Б.Чимэг