
Өвөрмонголчууд уг арга хэмжээнд оролцохоор Ордос аймгийн Есөн хороо дахь Чингис хааны “бунхан”-г олноор зорих болжээ.
Их хааныг дурсан тахих арга хэмжээ жил бүрийн энэ өдрүүдэд эхэлж долоо хоног үргэлжилдэг байна. Нээлтийн ёслолд 30 мянга гаруй хүн оролцсоны 500 гаруй нь дархадууд байжээ.
Өвөрмонголчууд Чингис хааныг Ордос хотын газар нутагт нас барсан учраас тэр хавьд оршуулсан хэмээн итгэдэг аж. 300-аад жилийн өмнө Ордос хотын захад баригдсан Чингис хааны “бунхан” бодит биш гэдгийг тэд мэддэг ч их хаанаа хүндэтгэн тахиж, адис авдаг байна. Бунханд Чингис хааны хэрэглэж байсан зарим эд зүйлс, хувцас хадгалагддаг гэв.
Ёслолд оролцогчид Чингис хааны хамаг монгол улсаа нэгтгэсэн үеийг дурсан, тийм цаг мөч эргэн ирэхийг хүсч залбирдаг байна. Үндэсний хувцсаа өмсөн хадаг, идээ ундааны дээжээ өргөж, дуулж бүжиглэж их хаанд зориулсан суврага, бунханд мөргөж аз хийморь, хүч чадал хүсдэг байна.
"Монгол-Түвдийн гадаад хэрэг эрхлэх" хороо ч мөн Чингис хааныг дурсах ёслолыг Тайваньд зохион явуулжээ. Энэ арга хэмжээнд Тайваньд сурч буй монгол оюутнууд оролцжээ.
Тайваний “Мин Чуан” их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр сурч буй монгол оюутан 23 настай Анир “Гадаад оронд үндэсний баатрыг маань дурсах арга хэмжээ зохиож байгаа нь сонин байна” гэж хэлснийг хятадын хэвлэлүүд онцолжээ.
Д.Идэр




