УИХ-ын чуулганаар өнөөдөр оны өмнө баталсан сонгуулийн тухай хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн. Гэсэн ч АН, МАН-ын гишүүд тус тусдаа хатуу байр суурьтай байгаа учир санал хураах боломжгүй боллоо. АН-ын зүгээс цэцийн дүгнэлтийг хүлээж авбал УИХ-ын сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Энэ нь сонгуулийн өмнөх 6 сард хуулинд өөрчлөлт оруулж болохгүй гэснийг зөрчинө гэж эсэргүүцэж байна. Хэрэв цэцийн дүгнэлтийг хүлээж авбал сонгуулийн хуультай холбоотой ямар ч үйл ажиллагаанд оролцохгүй гэдгийг АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг хэлсэн юм. Харин МАН нэгэнт Үндсэн хуулийн цэц ингэж дүгнэсэн бол хүлээж авах ёстой гэж байна. Тиймээс хоёр намын бүлэг маргааш болтол энэ асуудлыг сайтар хэлэлцэж байж санал хураахаар боллоо. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Энэ асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Бие биетэйгээ сөргөлдөөд байвал ямар ч үр дүн гарч болно. Тиймээс маргааш болтол санал нэгдэх гарц олох хэрэгтэй” гээд чуулганыг завсарлууллаа.