
Уулзалтын үеэр “Хүүхдүүд ба сансар” төвд буриад сурагчдын бүтээсэн онгоц, пуужин, уран зураг, робот зэрэг урлалуудыг үзэсгэлэн болгон дэлгэсэн байв. Эдгээр үйл явдлууд “Дэлхийн сансар судлалын өдөр”-тэй давхацсан юм.
Монголын анхны сансрын нисэгч, Монгол улсын хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчаа уригдан ирсэн нь энэ чиглэлээр суралцах хүсэлтэй буриад хүүхдүүдийн хувьд баярлууштай хэрэг болжээ.
Ж.Гүррагчаа хүүхдүүдэд “Сансар судлалын өдөр”-ийн мэнд хүргээд сансар судлалын хэтийн төлвийн талаар сонирхолтой яриа хийсэн байна.
“Асар олон тооны сансрын хөлөг, хиймэл дагуулууд байдаг. Энэ бүгд бидний өдөр тутмын амьдралд том тус хүргэдэг юм. Хамгийн багаар бодоход сансар судлалын шинжлэх ухаан бидэнд телевиз үзэх боломж олгосон” гэж Ж.Гүррагчаа ярьжээ.
Ж.Гүррагчаа “Союз 39” хөлгөөр сансарт ниссэн өдрөө дурсаж, “Тэсвэр хатуужилтай зан чанар хүнд хэрэгтэй. Хэрвээ чи нэг замыг сонгосон бол замын төгсгөлд хүрэх гэж байнга хичээх хэрэгтэй” хэмээн хүүхдүүдэд зөвлөсөн байна.
“Шинжлэх ухааны боловсрол төв”-ийн захирал Йогер Эрмаков: “Энэ хичээлийн жилд сурагчид робот бүтээсэн нь Буриадын анхны тохиолдол боллоо” гэв.
“Хүүхдүүд ба сансар” төвд залуу зохион бүтээгчдийн бүтээлийг дэлгэснээр танхим дүүрэх шахсан байна. Бүтээгчдийн хамгийн бага нь зургаан настай хүү байжээ.
Дөрөвдүгээр сарын 12-ний өдрийг “Сансар судлалын өдөр” болгосон нь 1961 оны 4 дүгээр сарын 12-нд Оросын сансрын нисэгч Юрий Алексеевич Гагарин “Восток 3КА-2” хөлгөөр анх сансарт нисч 1 цаг 50 минут орчим байж дэлхийг нэг тойрсон юм.
Д.Идэр