Хэрэв би өчигдөр очоогүй байсан бол өөр хүний амнаас ийм зүйл болжээ гэж сонсоод итгэхгүй байсан. Үнэхээр аймшигтай.

Өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр хамт байсан Хамаг Монгол Хөдөлмөрийн намын дарга, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр сэтгүүлчидтэй уулзлаа. Тэрбээр Н.Энхбаярыг баривчлах гэж биед нь халдсан тухай мэдээллийг зурагтаар үзээд гэрт нь очсон гэв. Ц.Шинэбаяр гишүүн “Хэрэв би өчигдөр очоогүй байсан бол өөр хүний амнаас ийм зүйл болжээ гэж сонсоод итгэхгүй байсан. Үнэхээр аймшигтай. Тэнд диван дээр зүгээр сууж байсан хүмүүсийг дээрээс нь дарж унагаасан. Миний хоолой дээр дараад, нэг хүний хөл толгой дээр гарчихсан байсан. Сүүлд харахад Ч.Улаан гишүүний хөл байсан. Хэрэв миний хоолой дээр тэгэж дараад удсан бол юу болох байсныг бүү мэд” гэв. Түүнтэй хамт МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт байсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарын гишүүд УИХ-ын гишүүний бүрэн эрх, биед халдсан гэж гомдол гаргах гэж байгаа юм. Тэд УИХ-ын дарга С.Дэмбэрэлтэй уулзжээ.
Энэ үйл явдалтай холбоотойгоор Ц.Шинэбаяр гишүүний МАХН-д элсэнэ гэсэн яриа гараад байсан. Харин үүнийг тэрбээр үгүйсгэсэн. “Хамаг Монголын Хөдөлмөрийн намыг байгуулаад Үндсэн хуулийн төсөл хийлээ, сонгуулийн бэлтгэл ажлаа ч хийсэн. Тийм болохоор намаасаа гарахгүй. Харин зүүний чиглэлийн сонгодог үзэл баримтлалтай намууд манайд нэгдэнэ гэвэл хүлээж авна. Цагдаа нар олигархуудын гар, хөл болсныг өөрийн нүдээр харлаа” гэв.