Өнгөрсөн сард Замын-Үүдийн гаалийнхан нас барсан хүнийг хилээр нэвтрүүлсэн ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 2-ны өдөр Замын-Үүдийн хилээр манай улсын иргэн хайрцаганд нуугдаж, хил нэвтрэх гэж байгаад агааргүйтэж, бүтэж нас барсан юм. Тухайн үед уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, тус өдөр ажилласан гаалийн байцаагчдаас байцаалт авч байгаа гэж мэдээлсэн.
Тэгвэл энэ хэрэг чухам ямар шатандаа яваа талаар Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх албаны холбогдох хүмүүсээс зарим зүйлийг тодрууллаа.
Замын-Үүд сумын Иргэн харьяат, шилжилт хөдөлгөөний газар “Өнгөрсөн сарын 2-ны өдөр хайрцаганд нуугдан хил нэвтрэх гэж байгаад амиа алдсан хэрэг гарсан. Хилийн боомтын хуулиараа манай байгууллага зорчигч тээврийн хэрэгслийн баримт бичгийг шалгаж, хүн нуугдаж болзошгүй ачаа тээшийг шалгаж, үзлэг хийдэг. Гэхдээ бүх тээш ачааг шалгах боломжгүй. Зарим тохиолдолд мэдээллээр шалгадаг. Ер нь иймэрхүү тохиолдол гардаггүй” гэж тайлбарлав.
Замын-Үүд сумын цагдаагийн газар “Өнгөрсөн хоёрдугаар сарын 2-ны өдөр хайрцаганд нуугдаж хил нэвтрэх гэж байгаад нас барсан хэрэг гарсан. Тухайн иргэн 50 орчим насны эрэгтэй. Бичиг баримтгүй хил нэвтрэх гэж байгаад ийнхүү амиа алдсан байдаг. Нас барсан иргэн нь манай улсаас эрэн сурвалжлагдаж байгаад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан иргэн юм билээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаад харьяаллын дагуу тагнуулийн байгууллагад шилжүүлсэн” гэлээ.
Д.Ундрах /24tsag.mn/