
Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, тус хорооны дарга О.Номинчимэг дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Иргэд өргөдөл гаргадаг ч тухайн өргөдлийг Өргөдлийн байнгын хороо болон Тамгын газарт нийтлэх эсэхийг шийдэх шүүлтүүрийн процесс дамждаг. Энэ процесс нэлээд удаан явагддаг учраас иргэд ‘өргөдөл яав’ гэсэн асуулттай үлддэг. Тоон үзүүлэлтээр харвал нийт ирсэн өргөдөл, саналын 20–30 хувь нь л нийтлэгдэж байна.
Өнгөрсөн долоо хоногт 21 өргөдөл, санал ирсэн боловч надад ирэхдээ зарим нь ‘нийтлэх боломжгүй’ гэсэн тэмдэглэлтэй байсан. Яагаад нийтлэхгүй байгааг тодруулахад өмнө нь ижил төстэй асуудал гарч байсан гэсэн тайлбар өгсөн. Эцэст нь 21 өргөдлөөс 13-ыг нь нийтлэхээр болсон.
Харин үлдсэн 8 өргөдөл гаргасан иргэдэд хэрхэн, ямар байдлаар хариу өгч байгаа процесс тодорхойгүй, асуудалтай байна. Энэ нь иргэд нээлттэй оролцох, өгсөн өргөдөл нь хэрхэн шийдэгдсэнийг мэдэх боломжийг хязгаарлаж байна” хэмээн онцоллоо.


















































