
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжлээ. Үүнтэй зэрэгцэн түүний хөрөнгө, орлогын мэдүүлэгт сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөлт орсныг эргэн харахад 2021–2025 онд орлого, үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, хадгаламж, зээлийн хэмжээнд тодорхой өөрчлөлтүүд гарсан байна. Тухайлбал, өөрийн жилийн орлого 49.1 сая төгрөгөөс 75.7 сая төгрөг болж өсжээ.
Түүний өөрийн орлого 2021 онд 49.1 сая төгрөг байсан бол 2025 онд 75.7 сая төгрөг болж, 26.6 сая төгрөгөөр буюу ойролцоогоор 54 хувиар нэмэгдсэн байна. Харин гэр бүлийн гишүүдийн орлого 2021 онд 68.5 сая төгрөг байсан бол 2025 онд 134.4 сая төгрөгт хүрчээ.
Үл хөдлөх хөрөнгийн үнэ өсжээ
Мэдүүлэгт бүртгүүлсэн орон сууц, барилга байгууламжийн нийт үнэлгээ 2021 онд 361.6 сая төгрөг байсан бол 2022 онд 1.36 тэрбум, 2023 онд 1.30 тэрбум, 2024 онд 2.22 тэрбум төгрөг болж өссөн байна. 2025 онд мөн 2.22 тэрбум төгрөгөөр мэдүүлжээ.
Орон сууцны тоо 2021 онд гурав байсан бол 2022 онд дөрөв болж, 2023 онд хоёр болсон. Харин 2024, 2025 онд тус бүр гурван орон сууц бүртгүүлсэн байна.
2024 оны мэдүүлэгт 850 сая төгрөгийн хөрөнгө борлуулсны орлого тусгасан байна. Мөн 2024 онд тээврийн хэрэгслийн нийт үнэлгээ өмнөх оноос нэлээд нэмэгдэж, 1.55 тэрбум төгрөг болсон байна. 2025 онд энэ үзүүлэлт 1.23 тэрбум төгрөг болж буурчээ.
Автомашины хувьд Lexus болон Mercedes-Benz бүртгэлтэй
2021–2023 оны мэдүүлэгт Lexus 570 болон Mercedes-Benz G500 автомашинууд бүртгэгдсэн байна. 2024 онд Mercedes-Benz G500 хоёр бүртгэгдсэн бол 2025 онд Lexus LX600 болон Mercedes-Benz G500 тус бүр нэгээр мэдүүлжээ.
Тээврийн хэрэгслийн нийт үнэлгээ 2021 онд 535.3 сая, 2022 онд 580.4 сая, 2023 онд 799 сая төгрөг байсан бол 2024 онд 1.55 тэрбум төгрөгт хүрсэн байна.
52 хурдан удмын адуу бүртгүүлжээ
Мал, амьтны хэсэгт 2021 онд нийт 52 хурдан удмын адуу бүртгүүлсэн бөгөөд 2022–2024 онд мөн 52 адуу гэж мэдүүлжээ. 2025 онд “Адуу-52, Адуу-20” гэж тусгасан байна.
Малын нийт үнэлгээ 2021 онд 288.6 сая төгрөг байсан бол 2022 оноос 523.6 сая төгрөг болж, 2025 он хүртэл энэ дүн өөрчлөгдөөгүй байна.
Хадгаламж 2024 онд буурч, 2025 онд нэмэгджээ
Дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах дансны үлдэгдэл 2021 онд 110.0 сая төгрөг байжээ. Энэ нь 2022 онд 159.3 сая төгрөг болж өссөн ч 2023 онд 92.2 сая, 2024 онд 59.9 сая төгрөг болж буурсан байна.
2021 онд зээлийн үлдэгдэл бүртгэгдээгүй бол 2022 онд 684.6 сая төгрөг, 2023 онд 1.12 тэрбум төгрөг болж өссөн байна.Харин 2024 онд зээлийн үлдэгдэл 274.4 сая төгрөг болж буурч, 2025 онд 303.1 сая төгрөг болж бага зэрэг нэмэгджээ.
Компанийн эзэмшилд өөрчлөлт орсон байна
Мэдүүлэгт ТТЕМ ХХК, Евроконстракшн ХХК, Харте Голд Корп ХК зэрэг хуулийн этгээдүүд 2021 оноос бүртгэгдсэн байна. 2023 оноос Ханбүргэдэй ХХК нэмэгдэж, 2024 онд Ярлаг ХХК, Таобао Монгол ХХК, Хемостемикс зэрэг нэрс бүртгэгдсэн байна.
Харин 2025 оны мэдүүлэгт Евроконстракшн ХХК, ТТЕМ ХХК, Ханбүргэдэй ХХК, Харте Голд Корп ХХК, Ярлаг ХХК, Хемостемикс ХХК зэрэг хуулийн этгээдүүд тусгагдсан байна.




















































