
Япон улсад 100 болон түүнээс дээш настай хүмүүсийн тоо анх удаа 100 мянгыг давж, 107,677-д хүрсэн талаар тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдээллээ. Энэ үзүүлэлт өнгөрсөн оноос 7914 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд Японд 100 нас хүрсэн иргэдийн тоо дараалан 56 дахь жилдээ өсөж байна. Тус улс 1963 онд ийм статистик бүртгэж эхлэхэд 100-аас дээш насны ердөө 153 хүн байжээ.
Хүйсийн хувьд урт насалж буй хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна. Нийт 100-аас дээш насныхны 88 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд Японы хамгийн өндөр настай эмэгтэй нь 114 настай Фүё Кишимото юм. Харин хамгийн өндөр настай эрэгтэй нь 112 настай Хикару Като гэж мэдээлжээ.
Японы Эрүүл мэндийн сайд Уэно Кэнъичиро урт наслах үзэгдэлд эмнэлгийн технологийн хөгжил тодорхой хэмжээгээр нөлөөлж байгааг онцолж, олон хүн өндөр насандаа идэвхтэй амьдрах боломжтой болж байгааг тэмдэглэсэн байна.
Гэвч 100-аас дээш настнуудын тоо нэмэгдэж буйтай зэрэгцэн Япон улс хүн амын бууралт, төрөлтийн түвшин бага байх зэрэг томоохон демографийн өөрчлөлттэй нүүр тулж байна. Тус улсын нийт хүн амын тоо буурч, өндөр настнуудын эзлэх хувь нэмэгдэж байгаа нь хөдөлмөрийн зах зээл болон нийгмийн хамгааллын тогтолцоонд урт хугацааны дарамт үүсгэж байна.
Ийнхүү Япон улс нэг талаас дэлхийн хамгийн урт наслалттай орнуудын нэг хэвээр байгаа бол нөгөө талаас хүн амын насжилт, төрөлтийн бууралтаас үүдэлтэй шинэ сорилтуудтай зэрэгцэн нүүр тулж байна.
Л.Баяр





















































