
Монгол эмэгтэйн үүсгэн байгуулсан "Mongolian Sisters" компани АНУ-ын Худалдааны танхимын 2026 оны "CO—100" жагсаалтад багтаж, “Micro-Business Leaders” буюу бичил бизнесийн манлайлагчид ангилалд оржээ.
"CO—100" нь АНУ-ын жижиг, дунд бизнесүүдээс жил бүр онцлон шалгаруулдаг 100 бизнесийн жагсаалт юм. Харин “Micro-Business Leaders” ангилалд нэгээс тав хүртэл ажилтантай, цөөн хүний бүрэлдэхүүнтэй ч тогтвортой үйл ажиллагаа явуулж, бизнесээ хөгжүүлсэн компаниудыг хамруулдаг байна.
"Mongolian Sisters"-ийг Монгол гаралтай Женна Лувсандаваа гэх бүсгүй үүсгэн байгуулсан бөгөөд тус компани Вашингтон хотод үйл ажиллагаа явуулдаг. АНУ-ын Худалдааны танхимын албан ёсны танилцуулгад тус бизнес 2022 онд байгуулагдсан, 1–5 ажилтантай гэж дурджээ.
Тус компанийн гол брэнд нь "Lashiskin" салон бөгөөд сормуус, хөмсөг болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтыг хослуулдаг байна. Худалдааны танхимын танилцуулгад дурдсанаар, "Lashiskin" нь мэргэжлийн түвшний сормуус, хөмсөгний үйлчилгээ, арчилгааны бүтээгдэхүүнээр дамжуулан үйлчлүүлэгчдэдээ үйлчилгээ үзүүлдэг гэжээ.
Мөн тус бизнес үйлчлүүлэгчдийн санал, туршлагад тулгуурлан бүтээгдэхүүнээ хөгжүүлж, үйлчилгээ болон бүтээгдэхүүний борлуулалтыг хослуулсан бизнесийн загвар бий болгосныг АНУ-ын Худалдааны танхим онцолсон байна.
Энэ жилийн CO—100-ийн “Micro-Business Leaders” ангилалд "Mongolian Sisters"-ээс гадна Access ATX LLC, Always Be Swooping, The Stompin' Grounds, Jovy Cosmetics LLC, Laura Adams Creative, OfBari LLC, Rubato School of Music, SHAMS Brewing, Sign Ifex зэрэг онцлох бизнесүүд багтжээ.
Л.Баяр






















































