
Орос, Украины дайн үргэлжилж, хоёр талын цохилт болон фронтын ажиллагаа сүүлийн өдрүүдэд эрчимжиж байна. Есдүгээр сарын 15-ны байдлаар, Оросын арми Украины хот, эрчим хүч болон түлшний дэд бүтцэд дроноор халдсан бол Украин Оросын нефтийн боловсруулах үйлдвэрүүд болон цэргийн объектуудад цохилт өгчээ.
Украины зэвсэгт хүчин Донецк мужийн хойд хэсэгт шинэ давшилт эхлүүлснээ мэдэгдсэн байна. Украины талын мэдээлснээр “Vivaldi” нэртэй ажиллагааны хүрээнд Словянск, Краматорскийн чиглэлд Оросын цэргийн нэвтрэлтийг тогтоон барьж, нийт 75 хавтгай дөрвөлжин километр орчим газар нутгийг цэвэрлэсэн бөгөөд дахин 10 хавтгай дөрвөлжин километр газар нутгийг эргүүлэн авсан байна. Мөн хэд хэдэн тосгоныг хяналтдаа оруулжээ. Гэвч эдгээр мэдээллийг бие даасан байдлаар бүрэн баталгаажуулахад хүндрэлтэй байгааг Reuters онцолсон.
Үүний зэрэгцээ Орос Украины эсрэг нисгэгчгүй онгоцны хэрэглээг эрс нэмэгдүүлж байна. Reuters-ийн мэдээлснээр Орос наймдугаар сард тийрэлтэт хөдөлгүүртэй Shahed төрлийн дроны хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлж, ойролцоогоор 2850 ийм төхөөрөмж хөөргөсөн нь зургадугаар сарын 450 орчим үзүүлэлтээс эрс өссөн байна. Эдгээр дрон зарим тохиолдолд цагт 500 км хүртэл хурдлах боломжтой тул Украины агаарын довтолгооноос хамгаалах системд шинэ сорилт болж байна.
Украин үүний хариуд шинэ төрлийн сөнөөгч дрон, хиймэл оюун ухаанд суурилсан чиглүүлэлт болон хямд өртөгтэй пуужингийн систем хөгжүүлж байгаа аж. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский есдүгээр сарын 16-нд дотоодод үйлдвэрлэсэн шинэ төхөөрөмж тийрэлтэт "Shahed" дроныг устгасан гэж мэдэгдсэн байна.
Харин дипломат фронтод одоогоор тодорхой ахиц гараагүй байна. АНУ-ын зуучлах оролдлого үргэлжилж байгаа ч Москва, Киевийн хооронд газар нутгийн асуудал болон аюулгүй байдлын баталгаатай холбоотой санал зөрөлдөөн хэвээр байна.
Ингэснээр 2026 оны есдүгээр сарын дунд үеийн байдлаар дайн фронтын газар нутгийн төлөөх тулалдаанаас гадна дроны технологи, эрчим хүчний дэд бүтэц, нефтийн үйлдвэрүүдийн эсрэг цохилт давамгайлсан шинэ шатанд үргэлжилж байна.
Л.Баяр






















































