БАРИМТ 1
Өнөөдөр буюу есдүгээр сарын 17-нд Дэлхийн өвчтөний аюулгүй байдлын өдрийг тэмдэглэдэг.
Энэ өдөр өвчтөн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах явцдаа урьдчилан сэргийлэх боломжтой эрсдэл, хохирлоос хамгаалагдах ёстой гэсэн ойлголтыг дэлхий нийтэд таниулах зорилготой.
БАРИМТ 2
Дэлхийн эрүүл мэндийн ассамблей 2019 оны тавдугаар сард өвчтөний аюулгүй байдлыг дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл болгон дэмжиж, жил бүрийн есдүгээр сарын 17-нд тэмдэглэхээр тогтсон.
БАРИМТ 3
2026 оны уриа нь “Safe care for life!” буюу “Насан туршийн аюулгүй тусламж” юм
БАРИМТ 4
Зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин, архаг амьсгалын замын өвчин зэрэг удаан хугацаанд эмчилгээ, хяналт шаарддаг өвчнүүдэд анхаарлаа төвлөрүүлж байна.
БАРИМТ 5
ДЭМБ-ын мэдээллээр дэлхийд ойролцоогоор 10 өвчтөн тутмын нэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний явцад ямар нэгэн байдлаар хохирол амсдаг байна.
БАРИМТ 6
Эдгээр хохирлын ойролцоогоор тал нь урьдчилан сэргийлэх боломжтой гэж ДЭМБ мэдээлдэг. Өөрөөр хэлбэл аюулгүй ажиллагаа, зөв зохион байгуулалт, харилцаа холбоо, хяналтыг сайжруулснаар тодорхой хэмжээний эрсдэлийг бууруулах боломжтой.
БАРИМТ 7
Аюулгүй бус тусламж үйлчилгээтэй холбоотойгоор жил бүр 3 саяас илүү хүн нас бардаг гэсэн ДЭМБ-ын тооцоо бий.
БАРИМТ 8
Эмийн алдаа нь өвчтөнд учрах хохирлын гол шалтгаануудын нэг. Эмийн буруу тун, буруу эм, буруу хэрэглэх арга зэрэг нь урьдчилан сэргийлэх боломжтой эрсдэлд ордог.
БАРИМТ 9
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний урьдчилан сэргийлэх боломжтой хохирлын тал орчим нь эмтэй холбоотой гэж ДЭМБ мэдээлсэн.
БАРИМТ 10
Эмийн хэрэглээтэй холбоотой хохирол ойролцоогоор 30 өвчтөн тутмын нэгд тохиолддог гэсэн тооцоо бий.
БАРИМТ 11
ДЭМБ-ын мэдээллээр оношилгооны алдаа эмч, өвчтөний уулзалтын 5–20 хувьд тохиолдож болзошгүй гэж тооцоолсон судалгаанууд байдаг.
БАРИМТ 12
Дэлхий даяар жил бүр 300 саяас илүү мэс заслын ажилбар хийгддэг бөгөөд мэс заслын орчинд гардаг алдаа, хүндрэл нь өвчтөнд ноцтой үр дагавар авчирч болно.
БАРИМТ 13
Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар нь өвчтөнд учирч болох эрсдэлийн нэг. Ийм халдвар нь эмчилгээний хугацааг уртасгах, нэмэлт зардал гаргах, антибиотикт тэсвэржилт нэмэгдэх зэрэг үр дагавартай.
БАРИМТ 14
Эмнэлгийн орчинд өвчтөн унаснаар гэмтэл авах, эмчилгээний хугацаа уртсах эрсдэлтэй.
БАРИМТ 15
Цусны бүлэн буюу венийн тромбоэмболизм нь эмнэлэгт хэвтэж буй өвчтөнд тохиолдож болох урьдчилан сэргийлэх боломжтой хүндрэлүүдийн нэг.
БАРИМТ 16
Эмнэлгийн зохион байгуулалт, ажлын процесс, боловсон хүчний хүрэлцээ, технологи, мэдээлэл солилцоо зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.
БАРИМТ 17
Эмч, сувилагч, бусад ажилтнууд болон өвчтөн, гэр бүлийн хооронд мэдээлэл дутуу дамжих нь эрсдэл үүсгэдэг.
БАРИМТ 18
ДЭМБ өвчтөнийг өөрийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлын идэвхтэй оролцогч байхыг чухалчилдаг. Өвчтөний туршлага, санал, оролцоог үйлчилгээний төлөвлөлт болон шийдвэр гаргалтад тусгах нь аюулгүй байдлыг сайжруулах нэг арга гэж үздэг.
БАРИМТ 19
Халдварт бус өвчтэй хүмүүсийг зөвхөн тусламж авагч бус, аюулгүй тусламжийг хамтран бий болгох түнш гэж үзэхийг ДЭМБ уриалж байна.
БАРИМТ 20
Оношилгоо, эмчилгээ, эмийн хэрэглээ, тогтмол хяналт зэрэг олон шат дамждаг тул аюулгүй байдлын эрсдэл үүсэх боломж нэмэгддэг.
БАРИМТ 21
Халдварт бус өвчин дэлхийн нийт нас баралтын ойролцоогоор 74 хувийг эзэлдэг. Иймээс эдгээр өвчний тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг сайжруулах нь 2026 оны дэлхийн кампанит ажлын гол зорилго болж байна.
БАРИМТ 22
Аюулгүй тусламжийг зөвхөн эмнэлэгт бус, тусламж үйлчилгээний бүх үе шатанд хангах шаардлагатай. Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ, урт хугацааны хяналт, гэрийн нөхцөл дэх өөрийн арчилгаа хүртэл хамрагдана.
БАРИМТ 23
ДЭМБ 2026 онд эрүүл мэндийн анхан шатны тусламжийг бэхжүүлэхийг онцолж байна.
Мөн эрүүл мэндийн ажилтнуудыг дэмжих, оношилгоо болон эмийн аюулгүй байдлыг сайжруулахыг уриалжээ.
БАРИМТ 24
Дэлхийн өвчтөний аюулгүй байдлын өдрөөр дэлхийн олон орны барилга, дурсгалт байгууламжийг улбар шар өнгөөр гэрэлтүүлдэг.
















































