
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Хэ Лифэн нар энэ амралтын өдрүүдэд уулзаж, хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр болжээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын есдүгээр сарын 24-нд Вашингтонд хийхээр төлөвлөсөн уулзалтын өмнөх бэлтгэл хэлэлцээ юм.
Уулзалтаар хоёр улсын худалдааны маргаан, тариф, ховор металл болон технологийн нийлүүлэлт зэрэг асуудал гол сэдэв болох төлөвтэй байна. Мөн хиймэл оюун ухааны аюулгүй байдал, зохицуулалтын талаар хоёр талын яриа хэлэлцээг эхлүүлэх асуудал яригдаж магадгүй байна.
АНУ, Хятадын худалдааны харилцаанд сүүлийн жилүүдэд тариф, экспортын хязгаарлалт болон технологийн өрсөлдөөнөөс үүдсэн олон асуудал хуримтлагдсан. Ялангуяа хагас дамжуулагч, хиймэл оюун ухаанд ашиглагддаг технологи болон газрын ховор элементийн нийлүүлэлт нь хоёр улсын эдийн засгийн харилцааны эмзэг асуудлуудын нэг хэвээр байна.
Бессент мөн АНУ Ираны эсрэг эдийн засгийн дарамтаа нэмэгдүүлж буй энэ үед Хятадтай Ирантай холбоотой санхүүгийн харилцааны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
Харин есдүгээр сарын 24-ний Трамп–Ши Жиньпиний уулзалтаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааны цаашдын чиглэлийг хэлэлцэх төлөвтэй байна. Тиймээс энэ долоо хоногийн Бессент–Хэ Лифэнгийн уулзалт нь хоёр улсын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтын өмнөх чухал бэлтгэл хэлэлцээ болж байна.
Л.Баяр





















































