Монгол үндэсний спортыг дэмжигч “Аварга Хадбаатар сан”-гаас зохион байгуулдаг “Аваргын гараа-6” өсвөрийн бага наадам орон даяар эхэллээ. Уг наадмыг “Аварга Хадбаатар сан” зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Өсвөр үеийг үндэсний спортод сонирхолтой болгох, цаашдын залгамж халааг бэлтгэх зорилготой юм.
Наадмын шалгаруулалт үндэсний бөх, шагайн харваа гэсэн үндсэн хоёр төрлөөр явагдана. 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохиогдох өсвөрийн бага наадам нь долдугаар сарын 04-нийг хүртэл үргэлжилэх аж. 05-16 насны нийт 5000 гаруй хүүхэд залуус оролцох юм.
Нэг аймгаас 33 хүүхэд, нийт 990 тамирчид шалгарах томоохон наадам болох “Аваргын гараа-6” өсвөрийн бага наадам энэ удаад Үндэсний бөхийн ӨСВӨРИЙН ЦОЛЫГ анх удаа олгож байгаагаараа онцлог юм.
Тус наадмын эцсийн шалгаруулалт 2015 оны долдугаар сарын 4-нд Хүй долоо худагт болох гэнэ. Тус бэсрэг наадамд үндэсний бөх, үндэсний сур, шагайн харваа, дааган насны уралдаан болох юм. Өмнөх наадмуудад түрүүлж амжилт үзүүлсэн залуус түрүүчээсээ улсын цолонд хүрч байгааг тус наадмын санаачлагч, Аварга Хадбаатар сангийн тэргүүн П.Даваажав онцолж байсан юм.