Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. Энэ өдрийг “Хүнсний аюулгүй байдал” сэдвийн дор хүн амын эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн олон компанит ажлууд дэлхийн өнцөг булан бүрт нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна. Манай улсын хувьд “Тариалангийн талбай, малын бэлчээрээс зоогийн ширээ хүртэл хүнсний аюулгүй байдлыг хангая” уриан дор тэмдэглэж байгаа аж. Энэ талаар өнөөдөр ЭМЯ, ХХААЯ, ДЭМБ, МХЕГ-аас мэдээлэл хийсэн юм. Эбола вирусын халдварын эхний тохиолдлын шалтгаан нь бохирдсон мах байсан аж. Тиймээс 2015 оны "Дэлхийн эрүүл мэндийн өдөр"-ийг дэлхий нийтээрээ "Хүнсний аюулгүй байдал" сэдвийн дор зохион байгуулахыг ДЭМБ улс орнуудад уриалсан юм байна.
Хурлын үеэр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Ньюнт У хэлэхдээ “Хүнсний хангамж даяаршихын хирээр улс орны дотоодын болон улс хоорондын хүнсний аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэх шаардлага улам бүр нэмэгдсээр байгаа. Хоёр жилийн өмнө хүнсний аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг Австрали улсад хүнсний хорлого гарч олон хүн хордсон. Энэ хордлого БНХАУ-аас тээвэрлэгдэн очсон хөлдөөсөн жимснээс үүдэлтэй байсан. Иймд ДЭМБ хүнсний аюулгүй байдлыг малын бэлчээр, тариалангийн талбайгаас хэрэглэгчийн ширээ хүртэлх бүх шат дамжлагад нь сайжруулах хүчин чармайлтыг 2015 оны дөрөвдүгээр сарын 7-ны Дэлхийн эрүүл мэндийн энэхүү өдөр хөхиүлэн дэмжиж байна. Нөгөө талаар Монгол улсын хувьд импортын хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ өндөртэй улс. Энэ утгаараа хилийн мэрэгжлийн хяналтаа илүү сайжруулах шаардлагатай” гэв.