Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар дулаарах ч маргаашнаас буюу 13-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун болон төвийн нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 13-нд баруун зүгийн нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 13-нд нийт нутгаар дулаан байна. 14-нд баруун зүгийн нутгаар, 15-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотггор болон говь, талын нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
Тиймээс малчид, ард иргэдийг онцын шаардлагагүй бол хөдөө, орон нутаг руу явахгүй байх, малаа хол бэлчээрлүүлэхгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.
Мөн нойтон цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул иргэд, жолооч нарт хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холын замд гарахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.