Нийслэлийн төрийн захиргааны албан хаагчдын дунд спортын гурван төрөлт “спорт наадам-2015” тэмцээн өнгөрсөн бямба гарагт амжилттай болж өнгөрлөө. Тус наадамд нийслэл болон есөн дүүргийн нийт 240 гаруй тамирчин өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
“Спорт наадам-2015” тэмцээнийг дартс, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн төрлөөр явуулсан бөгөөд багийн ерөнхий дүнгээр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын баг тамирчид тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэд боллоо. Тодруулбал, тус тэмцээний дартсын тэмцээнд 1-р байр, гар бөмбөгийн төрөлд эмэгтэй баг тамирчид 1-р байр, сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй баг тамирчид 2-р байрт шалгарсан бол эмэгтэй тамирчид 3-р байрын эзэд болсон.
Мөн тэмцээний шилдэг тоглогч нар Баянзүрхийн багаас тодорсон бөгөөд дартсын шилдэг эрэгтэй тамирчнаар Засаг даргын орлогч С.Гантулга, гар бөмбөгийн шилдэг эмэгтэй тоглогчоор Санхүү төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Уянга нар шалгарлаа. Дашрамд дурдахад, “Спорт наадам-2015” тэмцээнийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан юм.