Нийслэл хотод хүн амын төвлөрлөөр тэргүүн байрт бичигддэг Баянзүрх дүүргийн алслагдсан хороодод хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж тулгамдсан асуудал хэвээр байна. 2014 оны байдлаар тус дүүрэгт 4000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадалгүй ах дүүгийндээ аль эсвэл орон гэртээ цоожтой үлдэж байна гэх судалгаа бий.
Энэ хүндрэлийг бага ч болов багасгах үүднээс Баянзүрх дүүргийн 17-р хорооны 3-р цэцэрлэгийн харьяанд 40 хүүхдийн багтаамжтай гэр цэцэрлэгийг НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаагийн санаачлагаар байгуулжээ. Тэрбээр өмнө нь тус дүүрэгт гэр цэцэрлэг өөрийн санаачлагаар байгуулж, одоогоор 40 хүүхэд хамрагдаж байгаа аж. Нэг гэр цэцэрлэг байгуулахад 80 орчим сая төгрөг зарцуулдаг юм байна. Санхүүжилтыг “Ирээдүй Монгол” ТББ, “Good Neighbros”клубын дэмжлэгтэйгээр босгосон гэнэ.
Монгол Улсын ерөнхийлөгч анх гэр хороололд гэр цэцэрлэг барих тухай санаачлагыг гаргаж улмаар 2012 оны сонгуулиар Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө 5-10 гудамжинд нэг гэр цэцэрлэг байгуулахаар тусгаж байжээ.