Цахилгаан станцын үнсээр хийсэн явган хүний замын хавтантай холбогдох албаны хүмүүс танилцжээ. “Enviroment and Creening Conservation Consultant” ХХК-ийн техник хариуцсан захирал Коёо Катахира үнсээр явган хүний замын хавтан хийж байгаа ажлын туршлагаасаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Дулааны цахилгаан станц 2” ТӨХК, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн дарга, мэргэжилтнүүдэд танилцуулсан байна. Тус хавтан нь борооны ус нэвтрүүлдэг, нарны туяагаар эргэн ууршин орчны чийгшилтийн тэнцвэрийг хангадаг давуу талтай аж. Түүнчлэн хүн, байгальд хоргүй нь Японы лабораториор батлагдсан байна. Японд энэхүү үнсээр цэцгийн сав хийж, хавтангаар нь байгууллагын гадна тохижилт, дэлгүүрийн өмнөх талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн явган хүний замыг тохижуулдаг аж.
Харин энэхүү хавтанг Монголд үйлдвэрлэж, хот тохижилтод ашиглаж болох эсэх туршилтыг “Дулааны цахилгаан станц 2” ТӨХК-ний лабораторид турших юм. Коёо Катахира тус дулааны цахилгаан станцаас гарч байгаа хаягдал үнсийг газар дээр нь очиж үзээд “Хот тохижилтод ашиглах хавтан хийх боломжтой. Эхлээд Японд үнсэн хавтан хийдэг бүтээгдэхүүний орцыг Монголд байгаа эсэхийг судлаад, дараа нь туршилт хийж болно” гэлээ.
Туршилт амжилттай болбол Монголын цахилгаан станцын хаягдал үнсийг Японд шинжлүүлэх юм. Хаягдал үнсийг ашиглаж эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь эдийн засагт хэмнэлттэй төдийгүй хог хаягдлыг багасгах эерэг нөлөөтэй аж.